"Нусан багааяа" монголын уран сайхны киноны голд дүрд тоглосон жүжигчин П.Баярмөнхтэй ярилцлаа.
-Урлагийн амьдралыг яагаад сонгосон бэ. Жүжигчний мэргэжлээр төгсөөд олны танил болтлоо нэлээдгүй хугацааг өнгөрүүлдэг шүү дээ?
-Би 2011 онд жүжигчний мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш хувийн бизнесээ түлхүү хийж байгаад таван жилийн дараа буюу 2016 онд “MAAZ” продакшны “Би дурламаар байна” киноны зургийн даргаар ажиллаж урлагийнхаа амьдралд хөл тавьсан. Түүний дараагаар жүжигчин Г. Эрдэнэбилэг ахынхаа “Хийморь” “Яллагч” зэрэг кинонууд дээр хамтран ажилласан. Одоогоор 24 кинонд ажилласан байна. Ихэвчлэн продюсер хийдэг байсан. 14 кинонд продюсер хийсэн байна лээ. Энэ жилийн хувьд Буянаа, Анхаа хоёрынхоо саналаар “Нусан Багааяа” 1,2 -т Жүн Фү Мөнхөөгийн дүрд тоглосон.
-Энэхүү кинонд тоглоход танд ямар бэрхшээл тулгарсан бэ?
-Жүн Фү гэдэг чинь Солонгосын алдарт F4 киноны дүр байсныг сүүлд мэдсэн. Тэгээд Жүн Фү Мөнхөөгийн дүр шар үс зүүнэ гэдгийг нь Увсад очоод мэдсэн. Надад шар үс маш хэцүү байсан. Мөн зуны халуунд хөлрөхөөр хатгаад яг гоё дүрдээ орж байтал тээр болоод байсан.
-“Нусан Багааяа” кинонд баруун монгол аялгаар ярьдаг. Өөрийн чинь хувьд баруун Монгол аялгаар ярихад ямар байв. Та аль нутгийн хүн бэ?
-Би маазраад жаахан аялгаар ярьдаг байсан юм. Өөрийгөө баруун Монгол аялгаар яриад байна гэсэн үгүй юм билээ. Яг обьектдоо очоод “Мотор” гээд дугарахад маш их сандарсан. Буруу яривал хүмүүсийг дооглосон болно. Маазарч ярих кинон дээр ярих өөр зүйл юм билээ. “Гадаад кинонд тоглож үзсэн юм шиг боллоо” гэж хүмүүс ярьж байсан. Буруу зөрүү хэлчих вий гэдгээсээ санаа зовнисон. Ер нь хэцүү байсан. Би Ховд аймгийн хүн л дээ.
-Танай киноноос үүдэлтэй Увс хэл гэх яриа олны дунд яваад байгаа. Үүнийг яаж хүлээж авав?
-Увс хэл гэж байхгүй гэж манай Буянаа хэлдэг. Заримдаа бүр уурладаг. Үүнийг “Баруун Монгол аялга” гэж ярих ёстой юм байна лээ.
-Киноныхоо дууг өөрөө дуулсан шүү дээ. Энэ дуу хэрхэн бүтсэн юм бэ?
-“Нусан Багааяа” киноны дууны түүх гэвэл 2019 онд “Хуйвалдаан” гэдэг кинонд жижигхэн сценид жүжигчин Тодоогийн пабад дуулдаг найз нь болж тоглосон юм. Үүн дээр найзын тухай дуу дуулах ёстой гээд дуучин П.Баярцэнгэл рүү очиж байсан юм. П.Баярцэнгэл маань энэ дууны нэг бадаг, дахилттай нь зохиож өгч байсан юм. “Хуйвалдаан”киноны дүр гарсны дараа хүмүүс “Энэ дууг хаанаас сонсох вэ?” гэсэн мессежнүүд их ирдэг байсан. Сүүлд Буянаад “Би нэг дуу гаргах гэж байна. Чи сонсоотхооч” гэж хэлсэн. Энэ дууг чинь “Нусан Багааяа” киноныхоо OST болгочихъё гэж Буянаа маань хэлээд зохиосон хүнээс нь албан ёсны зөвшөөрлөө аваад “Нусан Багааяа-1”-ийнхээ дуу болгон цацсан.
-Киноны арын албанд ажиллах, жүжиглэх хоёрын ялгаа юу вэ?
-Киноны арын албанд явах ерөнхийдөө хэцүү. Маш олон зүйлсэд санаа тавьдаг. Харин жүжигчнээрээ явахад зөвхөн текстээ уншаад л байж байх нь илүү амар санагдсан.
-Таны хувьд энэ кино үзэгчдэд хүрсэн шалтгааныг юу гэж бодож байна вэ?
Баруун Монгол аялга их сонин байх шиг байна лээ.
-“Нусан Багааяа-3” хийгдэх үү?
-Түүнийг би сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ гурав амьдрал дээр гараад хэрхэн хөглөх бол гэж үзэгчид бичиж байгаа харагдана лээ. Анхаа, Буянаа хоёр маань л энийг шийдчих байх даа.
-Таны ярилцлагыг унших уншигчдад зориулж хэлэх үг байгаа байх?
-“Нусан Багааяа-1” “Нусан Багааяа-2” маань бүх IP TV-ээр гарч байгаа. Гэр бүлээрээ хөнгөн хүлээж аваад үзээрэй гэж уриалмаар байна. Анхаа, Буянаа хоёрт маань урмын үг харамгүй илгээгээрэй гэж хэлмээр байна.
Б.БИЛГҮҮН








Нийгэм





