Сүүлийн үед орчин үеийн хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж буй зарим чөлөөт уран бүтээлчид бүдүүлэг, доромж утга бүхий үг хэллэг ашиглах, хүүхэд өсвөр үеийнхнийг дээрэлхэлт, садар самуунд уриалсан шинжтэй агуулга бүхий бүтээлийг шоу тоглолт, арга хэмжээ болон цахим орчинд түгээх зөрчил нэмэгдэж байгааг холбогдох байгууллагууд анхаарууллаа.
Иймд иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн холбогдох хууль тогтоомжид үндэслэн соёл урлагийн байгууллагууд болон чөлөөт уран бүтээлчдэд дараах зөвлөмжийг хүргүүлсэн байна. Үүнд уран бүтээлдээ Монгол хэлний найруулга, утга төгөлдөр байдлыг эрхэмлэх, бүдүүлэг болон садар самуун агуулга түгээхээс зайлсхийх, ёс зүй соёлын хэм хэмжээг баримтлахыг онцолжээ.
Мөн хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжилд сөргөөр нөлөөлөх, ялгаварлан гадуурхах, үзэн ядах хандлага өдөөх агуулгаас татгалзах, үндэсний соёл уламжлал, үнэт зүйлсийг үл хүндэтгэх илэрхийлэл хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.
Түүнчлэн цахим орчинд түгээх контентын нийгэмд үзүүлэх нөлөөллийг тооцож, уран бүтээлчийн ёс зүй, хариуцлагыг баримтлах, оюуны өмчийн эрхийг хүндэтгэх шаардлагатайг сануулжээ. Харин үндэсний соёл, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын соёлын боловсролд эерэг нөлөө үзүүлэх уран бүтээл туурвихыг уриалсан байна.
|
Эх сурвалж
| СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ
|
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









