Эрүүл мэндийн даатгалын сан хүнд эрчимт эмчилгээнд байна. Авлигын хэргийн яллагдагч нар ар араасаа авдрын түлхүүрийг атгаж, шүүрэн шанага, цоорхой сав шиг болсон. Үзүүлсэн үйлчилгээ, тусламжийнхаа гүйцэтгэлээр эмнэлгүүд санхүү мөнгөө авдаг болсон 2021 оны хуулийн өөрчлөлтийг гууль болгож, хавдаргүйг хавдартай, ханиад хүрээгүй хүний хатгааг эмчилдэг болсон байна.
Эмнэлгийн дарга, даатгалын удирдлага хоёр талаасаа хуйвалдаж, хийгээгүй эмчилгээ, үзүүлээгүй тусламжид мөнгө өгч авалцсаар өрөнд орж, өтөнд баригджээ.
190 мянган төгрөгийн сайн дурын даатгал төлсөн ганцхан хүн 118 сая төгрөгөөр эмчлүүлсэн болчихоор бусдад нь юу ч үлдэхгүй. Нэг хүн жилд 346 удаа үзүүлж, 12 сая төгрөгөөр оношлуулж, 63 саяын эм авч, “Монгол Улсын гавьяат өвчтөн” болсон байна.
Өнгөрсөн онд 230 мянган хий үзэгдэл, эрүүл хүн, эмнэлэгт очоогүй иргэн зэргийг эмчилж, хатгиа шахуулсныг нь хагалгаанд оруулсаар байтал сан хоосорч, сав нь шавхарчээ. Эрүүл мэндийн даатгалын сан, эмнэлгийн дарга нар эрүүлийг өвчтэй, хатги шахсанаа хагалгаа хийсэн болгож, эмч, сувилагчийн цалинг хармаалсаар, даатгадаг биш даалгуулдаг даатгалтай болсон байна.
АДМИН








Нийгэм







