Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ээлжит бус XIV өргөтгөсөн хурлыг зарлаж буй талаараа мэдээлэл өглөө. Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа:
Эрүүл мэнд эрхэм баян. Үнэ цэнтэй, тууштай, үнэнчээр ажиллаж байгаа эмч ажилтнуудын цалинг нэмэхгүй байгаа асуудал туйлын харамсалтай. Төрөөс төсвийг хязгаартай байдаг гэж ярьж байгаа боловч төсвийн мөнгийг хайр найргүй урсгаж байгаа жишээнүүдийг хэлье. Жишээ нь:
Барилгын суурь нь ч тавигдаагүй, нэг ч оршин суугч байхгүй байгаа Эко товер Хүннү хотын захирагчийн алба сард 19 сая 215 мянган төгрөгийн түрээс төлж жилд 163 тэрбум 740 мянган төгрөгийн түрээсээр ажиллаж байна.
- Чингис хаан үндэсний баялгийн сан сард 19 сая төгрөгийн түрээс, жилд 228 сая
- Монголын газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрийн газар сарын 19 сая, жилд 228 сая
- Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа сарын 26сая, жилд 312 сая
- Далайн захиргаа 30 хүнтэй газар сард 30-33 сая төгрөг, жилд 400-аад сая
- Сэлбэ 20 минутын хот 2 газар нэг газар 5-6 сая, нөгөө газар 12 сая жилд 216 саяыг түрээсийн зардалд төлж байна.
Эдгээр түрээснүүдийг нийлүүлбэл жилд 1.5 их наяд төгрөгийн түрээсийг төсвийн мөнгөнөөс гаргаж байна. Энэ мөнгө бол эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд хангалттай мөнгө. Бидний тооцооллоор 1.2 их наяд төгрөг л хэрэгтэй байгаа. Энэ түрээсийн байгууллагуудаа болиод Хангарди ордонд түрээсээр ажиллаж байгаа байгууллагуудаа аваачвал бидний цалинг нэмэх бүрэн боломж нээлттэй байна.
2026 оны төсөв дээр 1.1 их наядыг танаж болох зардлууд байна. Жишээ нь:
- Баян-Өлгий аймагт цэцэрлэгт хүрээлэн барих 7.5 тэрбум
- Ховд аймагт бизнес инкубатор төв барих, Архангай, Өвөрхангай аймгуудад зам тавих 30 тэрбум
- Анагаахын их сургуульд спорт заал барих 10 тэрбум
- Хангайн бүсэд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж авах зардал гэх мэт тэвчиж болох зардлууд маш их байна. Зөвхөн өөрсдийнхөө өнөө маргаашаа бодсон увайгүй зангаа боль гэж хэлмээр байна. Төвийн тухай хуулийг зөрчиж ерөнхий агуулгаар нь тавьсан тодорхой бус зардал 224 тэрбум байна.
- Эрүүл мэндийн салбарынхны тавьж байгаа цалингийн асуудлыг шийдэх боломж нь байгаа боловч төр засаг, Засгийн газар чих нь дүлий, нүд нь боолттой гүрийсээр байна.
Бид шууд 3.5 сая болго гэхгүй, хэлэлцээрийн ширээнд сууна. Нэгдүгээр сарын 01-ээс 50 хувь, 7 дугаар сарын 01-ээс 10 хувь гэх мэт тооцоолол гаргаад хамтраад ажиллая гэсэн ч тийм боломж байхгүй гэсэн. Хүний амь авардаг хүмүүсийн цалинг 15 хувиар нэмж хууран мэхлэх гэж байгаа бол эмч, ажилтнуудыг доромжилж, дээрэлхэж байгаа увайгүй үйлдэл юм.
Хүн өвчтэй бол ажил хийж чадах уу? Хүүхдүүд өвчтэй бол сурч боловсорч чадах уу?
Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяж чадахгүй гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Харин хүн өөрийн хөдөлмөрт тохирсон цалингаа авахын төлөө, амьдралын баталгаа болсон үндсэн цалингаа нэмэгдүүлэхийн төлөө, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажил хаялтад оролцох үед иргэд болон эмнэлгүүдэд эрсдэл үүсэж хохирол гарвал цалин нэмэхгүй гацааж байгаа УИХ, Засгийн газрын гишүүд хариуцаарай гэж албан ёсоор хэлж байна.
Хэрэв энэ арга хэмжээ шийдэгдэхгүй бол дараа дараагийн томоохон тэмцлүүдийг бид бэлтгэж байна. 11 сарын 12-нд үндэсний хэмжээнд жагсаал цуглаан хийнэ, нийтээрээ ажлаас гарах өргөдлөө өгье гэж хүртэл ярьж байгаа.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм








