Иргэн Б нь “Д” Хадгаламж зээлийн хоршоонд 2021 оны долдугаар сарын 21-ний өдөр гишүүнээр элсэж, улмаар тухайн өдрөө тус хоршооноос 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн орон сууцыг барьцаалсан байна.
Тухайн зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй улмаас “Д” Хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч Б-ээс гаргуулах, мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр тус зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Б нь зээлийн гэрээ байгуулж, зээл авсныг хүлээн зөвшөөрч байх боловч тухайн зээлийн гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Хариуцагч Б нь 2021 оны долдугаар сарын 21-ний өдөр “Д” хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргаж, гишүүний хураамж төлсөн, улмаар “Д” Хадгаламж зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Б-г хоршооны гишүүнээр элсүүлсэн байтал талууд 2021 оны долдугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, энэ өдөр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар зээлийн хороо зээл олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч “Д” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөл хуралдаж хоршооны гишүүнээр хариуцагч Баатарыг элсүүлэх асуудлыг шийдвэрлээгүй байхад “Д” Хадгаламж зээлийн хоршооны зээлийн хороо 2021 оны долдугаар сарын 21-ний өдөр зээл олгохоор шийдвэрлэж, улмаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь Хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасанд нийцээгүй.
Хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд хэлбэрийн хувьд иргэнийг гишүүнээр бүртгэж, зээл олгох үйл ажиллагаа явуулах нь “хуулийн этгээд” үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн нэхэмжлэгч “Д” Хадгаламж зээлийн хоршооны хариуцагч Баатараас нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
АДМИН







Нийгэм







