Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацийн Ерөнхийлөгч Пак Кён Гүктэй уулзав.
Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням БНСУ-тай геологи, уул уурхай, газрын тосны салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд БНСУ-ын Гео-шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /KIGAM/, Солонгосын Хөгжлийн Хүрээлэн /KDI/, Газрын тосны чанар, хангамжийн газар /К-PETRO/, Хийн аюулгүй байдлын корпораци /KGS/ зэрэг байгууллагууд идэвхи, санаачилгатай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд, цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэх, хангах, айл өрх, албан байгууллагын дулаан хангамжийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй дулааны эх үүсвэрт шилжүүлэн, тодорхой хувийг шатдаг хийн түлшээр шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг тэмдэглэлээ.
Хийн аюулгүй байдлын корпорацийн Ерөнхийлөгч Пак Кён Гүк хийн түлшний хэрэглээнд шилжихэд аюулгүй байдал хамгийн чухал бөгөөд БНСУ-ын хувьд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлснээр осол аваарын тоог бууруулж, дэлхийд хамгийн аюулгүй орны нэг болсныг онцлов.
Сайд Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нь газрын тос, байгалийн хий, геологи, уул уурхай, аж үйлдвэр гэсэн томоохон салбаруудыг хариуцдаг бөгөөд аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, энэ хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох дүрэм журмыг шинээр боловсруулах, улам боловсронгуй болгох чиглэлээр солонгосын талтай хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийллээ.
АДМИН








Нийгэм







