Dark Light
Нийгэм | 2025-11-12

ДҮҮЖИН ТЭЭВЭР 2026 ОНЫ XI САРД ЗОРЧИГЧДОО ТЭЭВЭРЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай. Нийт 19 тулгуур баганатай бөгөөд өнөөдөр хамгийн урт буюу 42 метр өндөр 14 дэх тулгуур баганыг суурилууллаа. Дүүжин замын тээврийн нийт барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг олон төрөлжүүлэх төслийн нэг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр барьж буй дүүжин замын тээвэр төслийн байршилд ажиллаж байна. Төслийн хамгийн өндөр 42 метр цамхгийг өнөөдөр суурилуулж байна. Ирэх оны зургаадугаар сард бүх цамхагт дүүжин тээврийн ган татлагат тросс татах, сүвлэх ажил, наймдугаар сард кабины угсралтыг хийгээд, арваннэгдүгээр сард буюу одоогоос нэг жилийн дараа нийтийн тээврийн төрөл болж, зорчигчдоо тээвэрлэж эхэлнэ. Яармаг, Нэгдүгээр хорооллыг холбосон нийтийн тээврийн шугам байдаггүй. Оргил ачааллын үед Яармаг, Нисэхээс төв рүү чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 90 орчим мянга байна. Дүүжин замын тээвэр нь цагт 2400 орчим зорчигч тээвэрлэж, хөдөлгөөний ачааллыг хуваалцана. Мөн дүүжин замын тээвэр нь Энхтайваны өргөн чөлөө дагуух метроны чиглэл, Наадамчдын өргөн чөлөө дагуух трамвайны шугамтай холбогдоно.

Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ. Дүүжин тээврийн ашиглалтыг хариуцах аж ахуйн нэгжийг тусад нь байгуулна. Мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж бэлтгэнэ. Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй боловч нийтийн тээвэр төдийлөн явдаггүй чиглэл болох Маршаллын гүүрний зүүн хойноос буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруунаас И-Мартад нэг буудалтай, Шангри-Ла төвийн баруун тал хүртэл явуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа.

Франц улсын нэн хөнгөлөлттэй зээл нь 0.0076 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай буюу хүү маш багатай. Тиймээс төслийн үр өгөөжийг хамгийн өндөр түвшинд байлгахыг зорьж ажиллаж байна. Дүүжин замын тээврийг нийтийн тээврийн төрлөөр хүлээн зөвшөөрсөн улсууд байдаг. Манай улсын хувьд нийтийн тээврийн нэг төрөл болгож хөгжүүлэх хуулийн төслийг боловсруулж байгаа” гэдгийг тодотгов.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын мега 18 төслөөс 11 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд долоон төслийг хэрэгжүүлэх бэлтгэл хийгдсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг зэрэг олон төрлийн санхүүжилтээр төслийг хэрэгжүүлж буй онцлогтой.

Харин дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэгч Францын “Пома групп” барилга угсралт, механик угсралтын ажилд монголын үндэсний компани “Моннис инженеринг” ХХК-тай хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар “Пома групп” нь олон улсад дүүжин замын тээвэр, уулын спорт, аялал жуулчлал зэрэг чиглэлээр 35-40 төсөл зэрэг удирдан хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлснээр Яармаг–Хархорин чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23