Олон улсын стандартын байгууллагын ISO/TC 38/WG 33 техникийн хорооны нэгдсэн хуралдаанаар БНХАУ-ын Жиашин хотод 2025.11.06-07-ны өдрүүдэд боллоо. Хуралдаанаар Монгол Улсын “Мал амьтны тавлаг байдал, ноолуур бэлтгэх, боловсруулах, шошголох, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага” (Requirements for Animal Welfare, Raw Cashmere Production, Processing, Traceability and Labelling) стандартыг албан ёсоор батлав.
Энэхүү стандартын боловсруулах ажил 2020 онд БНХАУ-ын санаачилгаар эхэлсэн бөгөөд анхны төсөлд нүүдлийн мал аж ахуйн нөхцөл болон ямааны тавлаг байдлын онцлогийг тусгаагүй байдаг. Тиймээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ), Монголын бэлчээр судлалын “Ногоон Алт” төв, “Монголын ноос, ноолуурын холбоо” зэрэг мэргэжлийн байгууллагууд Итали Улсын Милан хотод болсон техникийн хорооны анхдугаар хуралдаанд оролцож, Монгол орны нүүдлийн мал аж ахуйн онцлогийг тусгах шаардлагыг олон улсын түвшинд дэвшүүлсэн. Мөн үеэр Олон улсын стандартын байгууллагын техникийн хорооны нэгдсэн хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах санал гаргаж байлаа.
Хуралдааны бэлтгэл ажлыг хангах зорилгоор ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, ямааны аж ахуйн суурь судалгааг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн, салбарын эрдэмтдээр хэлэлцүүлж, олон улсын стандартын төсөлд оруулахаар бэлтгэсэн. Улмаар Улаанбаатар хотод 2024.07.15-16-ны өдрүүдэд болсон ISO/TC 38/WG 33 техникийн хорооны хуралдаанаар Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн нөхцөл, ямааны тавлаг байдлын онцлогийг тусгасан бие даасан бүлэг стандартын төсөлд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн билээ.
Үүний дагуу Монгол Улсын эрдэмтэд, үйлдвэрлэгчид, малчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд ямааны тавлаг байдлыг хангах шалгуур үзүүлэлтийг боловсруулж, олон улсын техникийн хороонд танилцуулсан. Техникийн хорооны хуралдааны үеэр 36 орны 46 гишүүн санал нэгтэйгээр дэмжиж, Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн өв соёл, ямаа маллах уламжлал, мал амьтны тавлаг байдлыг хангах туршлагыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч баталлаа.
Шинээр батлагдсан энэхүү стандарт нь ноолуурын бэлтгэл, боловсруулалт, шошгололт, мөшгөх тогтолцоонд мал амьтны тавлаг байдлыг хангах олон улсын нэгдсэн шаардлагыг анх удаа тогтоож буйгаараа онцлог юм.
АДМИН







Нийгэм








