ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэх болно.
Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд Эрүүгийн тухай хуулийн 13.14.1-т заасан худал мэдээллийг олон нийтэд тараасан, нэр бүхий иргэдийн нэр төр алдар хүндэд халдсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл ирүүлсэн. Мөрдөн байцаах албаны хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс гомдол мэдээллийг авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар иргэн Э telegram, viber ашиглаж Hero9911, Ubro, Brunobro гэх хаягтай хэрэглэгч нартай тус тус харилцсан. Улс төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн зураг, бичлэг, дуу дүрсний эвлүүлэг хийн бэлтгэж, олон нийтэд зохион байгуулалттайгаар тарааж, тэднийг нийгэмд харлуулах, буруу ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна. Иймд иргэн Э-д холбогдуулан Эрүүгийн тухай хуулийн 13.14.1-т зааснаар худал мэдээллийг тараасан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дээрх нэр бүхий этгээдүүд нь зориудаар худал мэдээллийг бэлтгэж байгаа олон нийтийн буюу иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хохироож мэдээллийн төөрөгдөлд оруулан оюун санаа бодлыг талцуулах, нийгэмд сөрөг хандлага бий болгох аюултай үйлдэл байна. Энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна.
АДМИН








Нийгэм








