“Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11 дүгээр сарын 12-ны энэ өдөр 09:00 цагт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы хурлын танхимд боллоо.
Хурлын хүрээнд “Өв соёлын голомт – Буддын археологийн судалгаа” сэдэвт тусгай үзэсгэлэн нээгдэх бөгөөд археологийн малтлага, судалгаагаар илэрч олдсон ховор, сонирхолтой олдворуудыг олон нийтэд дэлгэн үзүүлэв. Энэ үеэр:
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж:
“Буддын шашин ба археологи” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний III хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн лам хуврагууд, эрдэмтэн судлаачид, хүндэт зочид, сүсэгтэн олон та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүхийг гурван үед хуваан үздэг. Энэ талаар эрдэмтэн лам нар гавж Зава Дамдин, Сүмбэ хамба Ишбалжир, Цахар гэвш Лувсанчүлтэм, Дармадала зэрэг олон мэргэд шашны түүхийн зохиол бүтээлүүдээ туурвин үлдээсэн билээ. Тухайлбал "Алтан дэвтэр" хэмээх бүтээл нь Монголын Бурханы шашны түүхийн гол сурвалжийн нэг болсон байдаг.
Түвд, Монголын номын мэргэдийн дунд “Хорчойнжүн” хэмээн алдаршсан энэхүү бүтээлийг Дээрхийн гэгээн XIV Далай багш болон дээдэс мэргэдүүдийн айлдваруудаас олон дахин сонсож байсан.
Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн түүхийг дээрх мэргэдийн зохиол бүтээлээс үзэж судлахын зэрэгцээ археологийн олдвор, дурсгалуудтай холбон шинжлэх нь тухайн үеийн нийгэм, соёл, уламжлалын уялдаа холбоо, цаг хугацааг тодорхойлох чухал ач холбогдолтой.
МБШТөв-Гандантэгчэнлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, Монгол улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Голомт банктай хамтран хэрэгжүүлж буй "Өв соёлын голомт" буддын шашны археологийн судалгааны төслийг амжилттай хэрэгжүүлж буйд талархаж байна.
Төслийн хүрээнд Монголын Бурханы шашны эрт болон дундад үеийн түүхэнд холбогдох дурсгалт газруудыг шинээр илрүүлэх, сэргээн хамгаалах, он цагийн хамаарлыг тодруулах, судалгааны эргэлтэд оруулах, мөн олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт сурталчилгааны ажлыг амжилттай хамтран хэрэгжүүлж байгаа нь Монголын бурхны шашны түүхэнд байсан эргэлзээ, мадаг, буруу ойлголтыг өөрчилж бодит түүхийг ирээдүй хойч үедээ үлдээх чухал алхам болж байгаа билээ.
"Өв соёлын голомт" төслийн археологийн судалгааны үр дүн нь сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын судлаачдын анхаарал сонирхлыг татаж, шинжлэх ухааны шинэ нээлтийн түвшинд үнэлэгдэж байна. Тухайлбал Ингэт толгойн дурсгалын малтлага судалгааны үр дүнд Киданы үеийн хэмээгдэх хүн чулуун хөшөөг бурхан багшийн дүр болохыг тодруулан бататгасан. Мөн тахилын сүмийн туурийг илрүүлэн малтлага судалгаа эхлүүлэн лабораторийн шинжилгээгээр нийтийн тооллын 416-538 онд хамаарахыг тогтоосон нь Монгол оронд Бурханы шашин өнө эртнээс дэлгэрч байсныг нотолсон чухал ололт болсон билээ. Эрдэмтэн мэргэдүүт Монгол оронд Бурханы шашин анх Энэтхэг орноос дэлгэрсэн хэмээн үзсэн нь энэ бүгдийн нотолгоо ч эдгээрээр батлагдаж байгаа.
Ингэт толгойн дурсгалын малтлага судалгаа нь ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн онцлох ажлаар тодорхойлогдож "Монголын археологийн 2024 оны шилдэг судалгаа" дэд байрт шалгарч, МҮОНРТ-ийн "Цагийн хүрдийн баатар"-ын "Шинжлэх ухааны нээлт" номинацийн өргөмжлөл, цом хүртсэн билээ.
Буддын шашны археологийн олдворууд нь Монголын соёл, оюун санааны уламжлалыг батлан харуулахын зэрэгцээ тухайн үеийн сүм хийдийн уран барилга, дүрслэх урлаг, гар урлал, бичгийн соёл, зан үйлийн онцлог, амьдралын хэв шинжийг бодит баримтаар илэрхийлдэг тул соёлын өвийг судлах үндсэн эх сурвалж болж байдаг.
Иймд Буддын шашны археологийн олдворыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, хадгалж, хамгаалах нь Монголын нийгмийн ёс суртахуун, хүмүүжилд гүн нөлөө үзүүлснийг нотолж, уран барилгын арга, дүрслэх урлаг, бичгийн соёлын хөгжил ямар түвшинд хүрснийг харуулдаг. Тиймээс эдгээр олдворыг судалж, хадгалж, хамгаалах нь өнгөрсөн болон өнөөгийн түүхэн залгамж холбоог бататгах чухал ач холбогдолтой юм.
Ирээдүйд Монголын Бурханы Шашны тэргүүн, Оройн дээд, Очирдара Аравдугаар Богд гэгээн маань шашин, соёлын биет болон биет бус өвийг шинэ шатанд дэлгэрүүлэн гаргах их үйлсэд нь бид бүхэн хамтран хичээн зүтгэх учиртай.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Голомт банк, “Өв соёлын голомт” төслийн хамт олон болон дэмжин оролцсон бүх хүмүүст МБШТөв–Гандантэгчэнлин хийдийн нийт лам хуврагууд, сүсэгтэн олны өмнөөс гүн талархал илэрхийлье!
Эрдэмтэн судлаач та бүгдийн эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Баярлалаа" гэв.
АДМИН








Нийгэм








