Dark Light
Нийгэм | 2025-11-12

БЭЛТЭС, ШИШХЭД ГОЛД 20-30 СМ ЗУЗААН МӨСӨН БҮРХҮҮЛ ТОГТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 11-р сарын 1-ний 08 цагаас 2025 оны 11-р сарын 11-ний 08 цаг хүртэлх 10 хоногийн гол мөрний мөсний үзэгдэл, зузааны горимын тойм
 
Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн
 
Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд голд 20-30 см зузаан мөсөн бүрхүүл тогтож, харз гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна. Харин Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Үүр зэрэг голуудад мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх нимгэн мөсөн бүрхүүл тогтох үзэгдэл зонхилон ажиглагджээ. Хөвсгөл нуурын хувьд Ханх сум болон Хатгал тосгон орчимд мөсөн зах үүссэн байдалтай байна. Эдгээр голуудын усны түвшин өмнөх арав хоногоос 5 см орчим буурсан ба 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-20 см бага харин Бэлтэс гол Баянзүрх сум орчимд 13 см бага түвшинд байна.
 
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойттамир зэрэг голуудад мөсөн зах, шингэн зайр, харз, нимгэн мөсөн бүрхүүл тогтох зэрэг мөсний үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Идэр голын эх болон адаг хэсэг, Хануй гол Эрдэнэмандал сум орчимд 10-20 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Урдтамир голд мөсний үзэгдэл хараахан ажиглагдаж эхлээгүй байна. Хангайн арын дээрх голуудын усны түвшин өмнөх арав хоногоос 5-10 см буурсан ба 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал мөн 5-15 см-ээр бага байна. Өгий нуурт мөсөн зах үүссэн бол Тэрхийн цагаан нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 13 см нэмэгдэж, 28 см зузаан мөстэй болсон бөгөөд 2024 оны мөн үеийнхээс 20 см-ээр ахиу байна.
 
Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Сэлбэ, Улиастай, Туул /Лүн сум/, Сөгнөгөр, Шарын голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 10-30 см зузаан мөстэй болсон бол Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж зэрэг голуудад мөсөн зах, шингэн болон өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна. Эдгээр голуудын усны түвшин өмнөх арав хоногоос 5-10 см-ээр буурсан ба 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-25 см-ээр бага байна.
 
Сэлэнгэ мөрөн болон Орхон голын нийт уртын дагууд мөсөн зах, өтгөн, шингэн, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа ба усны түвшинг арваннэгдүгээр сарын нэгний өдрийнхтэй харьцуулбал 5-25 см багассан бол Орхон гол Өлзийт сум, Орхонтуул сум орчимдоо зайрын хахаанаас үүдэлтэй шахалт үүссэний улмаас усны түвшин 5-20 см-ээр нэмэгдсэн байна.
 
Номхон далайн ай савын гол, мөрөн
 
Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Улз голын дагууд 10-20 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Балж, Онон, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голд мөсөн зах үүсч, өтгөн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Эдгээр голуудын усны түвшин өмнөх арав хоногоос 5-20 см буурсан ба 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-40 см бага байна. Харин Буйр, Дуут, Хөх нуурууд мөсөн захтай байгаа ба усны түвшин өмнөх арав хоногоос 1-2 см-ээр буурсан байна. 
 
Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол, мөрөн
 
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Турган, Харбут, Чигэртэй, Согоог, Буянт /Дэлүүн сум/ зэрэг голуудад 10-50 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол бусад голуудад мөсөн зах, шингэн, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл давамгайлан ажиглагдаж байна. Хар Ус нуур Дөргөн сум орчимд мөсөн захтай бижрүү, мөсөн хөвлөг хөвөх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.
 
Хангай нурууны өврөөс эхтэй Буянт, Хүнгүй, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Зэгстэй, Онги /Сайхан-Овоо сум/ зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 10-45 см зузаан мөстэй болсон бол Чигэстэй, Богд, Тээл, Завхан /Тайшир сум/, Зүйл, Шарга, Түй, Байдраг /Баянбүрд сум/ болон Онги голын эх болон дунд хэсгээр мөсөн зах үүсч, шингэн болон дунд зэргийн зайр гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна. Хангай нурууны өврийн дээрх голуудын усны түвшинг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-15 см ахиу харин Буянт, Хожуул, Завхан /Тайшир/, Онги голын эх болон адгаар 10-25 см бага түвшинд байна.
 
Увс нуурын савын Баруунтуруун, Намир, Хангилцаг зэрэг голууд 5-15 см битүү мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Чигж, Хархираа, Түргэн, Тэс, Хариг зэрэг голуудад мөсөн зах үүссэн, усны түвшин өмнөх арав хоногоос төдийлөн өөрчлөгдөөгүй ба 2024 оны мөн үеийн орчим байна.
 
Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногт манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижсэн хэвээр байсан бол жижиг болон дунд зэргийн голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23