Dark Light
Нийгэм | 2025-11-14

ГЭРЧҮҮД СОНСГОЛД ИРЭХ ҮҮ, ЭСВЭЛ...

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

126 гишүүнтэй парламентаас намрын чуулганы хугацаанд байгуулагдсан ганц түр хороо ирэх 12 дугаар сарын 8–12-ны өдрүүдэд Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж, гэрчүүдээ дуудлаа. Уг сонсголд гэрчээр дуудагдсан нийт 301 хүний дунд Монголын төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхэм олон байна. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж нар, сүүлд Ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 эрхэм, үе үеийн Байгаль орчны сайд, Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар багтжээ. Мөн тухайн үеийн яамдын газрын дарга нар, Оюутолгойн гэрээ байгуулах үеийн парламентад сууж байсан 38 гишүүн, одоогийн парламентын 40 гаруй гишүүн гэрчээр дуудагдсан байна.

Түр хорооны мэдээллээс үзвэл, энэ удаагийн сонсголд энгийн иргэн буюу бага, дунд шатны албан тушаалтан байхгүй, зөвхөн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс, төрийн байгууллагын удирдлага, сайд нар багтсан нь онцлог болжээ. Мөн “Оюутолгой” ХХК-аас 12 хүн, тус компанийн ТУЗ-аас 18 гэрч, “Рио Тинто”-оос 9, “Туркойз Хилл” компаниас 3 гэрч дуудагдсан ч бүх гэрч ирэх эсэх нь эргэлзээтэй байна. Парламентаас өмнө зохион байгуулсан сонсголуудын жишгээр, бүх гэрч бүрэн ирж оролцож байсан тохиолдол тун ховор.

Ерөнхий сайд асан С.Баяр өнөөдөр гэхэд сошиал хуудсандаа "300 гэрч. 9 ЕС. Базар, вокзал… Хэн ч танихгүй хэдэн шинэков мань мэтийн фон дээр поопрох юм байх. Боддог л бодол. Гэвч сорри. Та хэдийг саатуулах цаг зав манууст алга. Надаас тухайлан асуух юм буй бол бичиг явуул. Агуулга байх аваас хариулж болох юм" гэжээ.

Сонсголын гол зорилго нь Монголын тал 16 жилийн хугацаанд төсөлд ердөө 25%-ийн өгөөж авсан шалтгаан, гаргасан алдаа, шийдвэрийг нээлттэй тайлбарлах, эдийн засгийн хариуцлагыг тогтоох явдал юм. Түр хороо сүүлийн 20 жилийн хугацаанд ОТ-той холбоотой бүх шийдвэр, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг сөхөн шалгаж, 60 мянга гаруй хуудас баримт судалсан. Үүний тал нь нууцын зэрэглэлтэй байсан нь бодит дүгнэлт хийхэд саад болсон тул төрөөс нууцын ангиллыг цуцлах хүсэлт гаргаад байна.

Монголын тал сонсголын үеэр зээлийн хүү бууруулах, менежментийн зардлыг багасгах, өгөөжийг нэмэгдүүлэх саналуудыг тавихаар бэлдсэн бөгөөд Засгийн газар “нууц баримтыг ил болгож, баялгийн хулгайтай тэмцэнэ” гэж мэдэгдсэн.

Сонсгол нь улс төрийн шоу биш, харин Монголын баялгаас шударгаар хүртэх шинэ систем бий болгох эхлэл гэж Түр хороо үзэж байна. Гэхдээ гэрчүүдийг бүрэн ирүүлж, тэдгээрийг тултал гэрчлүүлэх чадвар, хариуцлага тооцох боломж үнэхээр байгаа эсэх нь нийгэмд анхаарал татсан асуудал хэвээр байна. Амжилттай зохион байгуулагдвал Монголын талын 34%-ийн эзэмшлийн өгөөж, төлөх зээлийн хүү, гэрээнд оруулах өөрчлөлтөд ээлтэй нөлөө үзүүлэх боломжтой гэж шинжээчид дүгнэж байна.

Ингэснээр ирэх 12-р сарын 8–12-нд 4 өдрийн турш явагдах сонсгол нь УИХ-ын түүхэнд байгаагүй өргөн хүрээний, эдийн засгийн хариуцлагыг тогтоох чухал алхам болох төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23