Dark Light
Нийгэм | 2026-04-20

“АМЖИНА” ГЭХ ГАНЦ ҮГ 6 ХҮНИЙ АМЬ АВЧ ОДЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Орон нутгийн зам бол зүгээр нэг асфальтан зурвас биш. Энэ бол хүний амь, хувь заяа, заримдаа бүхэл бүтэн гэр бүлийн ирээдүй явж байдаг шугам. Гэвч манайд энэ ойлголт хангалттай сууж амжаагүй бололтой.

Дөрөвдүгээр сарын 10-ны үдээс хойш Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт гарсан осол үүнийг дахин санууллаа. Автобус, суудлын автомашинтай мөргөлдөж, зургаан хүний амь нас нэгэн зэрэг тасарсан. Тэдний гурав нь хүүхэд. Өөрөөр хэлбэл, дөнгөж эхэлж байсан гурван хувь заяа тэнд дууссан гэсэн үг. Үүн дээр есөн хүн гэмтэж, эмнэлгийн хяналтад орсон байна. Ослын шалтгаан одоогоор тогтоогдоогүй, мөрдөн шалгалт үргэлжилж буй.

Гэхдээ манайд ослын “шалтгаан тодорхойгүй” гэдэг үг ихэнхдээ бодит байдлыг бүдгэрүүлэх халхавч маягийн сонсогддог. Үнэндээ шалтгаан тодорхой. Бид бүгд мэднэ.

Сүүлийн ганцхан сард л гэхэд орон нутгийн замд хэд хэдэн ноцтой осол бүртгэгдэв. Дорноговьд дөрвөн хүн, өөр нэг ослоор гурван хүн амь насаа алдсан. Энэ бол статистик биш, энэ бол бодит амьдрал дээрх тасарсан амьдралууд.

Орон нутгийн замд осол гарч буй үндсэн шалтгаан энгийн. Хэт хурд, буруу гүйцэж түрүүлэх, дүрэм үл тоомсорлох. Гэвч үүний цаана илүү аюултай нэг зүйл бий. Тэр нь “амжина” гэсэн сэтгэлгээ.

Монгол жолоочийн нийтлэг дүр зураг бол: “Би бол амжина.”
Өгсүүр дээр ч амжина.
Огцом эргэлт дээр ч амжина.
Харагдахгүй зам дээр ч амжина.

Гэтэл бодит байдал дээр “амжина” гэдэг үг ослын өмнөх сүүлчийн бодол болдог.

Хурдны тухайд бүр сонин. Орон нутгийн зам дээр 140, 180 км/цагийн хурд хэвийн үзэгдэл мэт болсон. Суудлын бүсээ зүүчихвэл аюулгүй гэж эндүүрнэ. Гэтэл физикийн энгийн хууль бий. Хурд ихсэх тусам мөргөлдөх үеийн хүч геометр прогрессоор өсдөг. Өөрөөр хэлбэл, бүс таныг хамгаалах чадвар буурдаг.

Шөнө гэрлээ шилжүүлэхгүй явдаг, эсрэг урсгалаа гялбаанд оруулдаг, эвдэрсэн машин зам дээр тэмдэггүй зогсоодог.

Жолоочийн буруу ярихад амархан. Гэхдээ бүх буруу зөвхөн жолоочид байдаггүй. Манай орон нутгийн замын чанар өөрөө ослын нөхцөлийг бүрдүүлдэг. Эвдрэлтэй, анхааруулах тэмдэггүй, стандарт хангаагүй замууд бий. Өмнө нь ийм үед зөвхөн жолоочийг буруутгадаг байсан бол одоо зам хариуцсан байгууллагуудыг хүртэл эрүүгийн хариуцлагад татах болсон нь дэвшил.

Гэвч энэ бүхнээс илүү ноцтой асуудал бол соёл.

Хүүхдийг машинд яаж тээвэрлэж байна вэ? Ихэнхдээ тэврээд, эсвэл зүгээр суулгаад явна. Хүүхдийн зориулалтын суудал бол “тансаг хэрэглээ” мэт ойлголттой. Үр дүнд нь 2025 онд 948 хүүхэд осолд өртөж, 67 нь амь насаа алдсан. Энэ бол нэг сургуулийн хоёр анги бүхэлдээ алга болсонтой адил тоо.

Мөн техникийн бүрэн бүтэн байдал. Гэрэлгүй, запас дугуйгүй, бүр заримдаа тоормос нь ажиллахгүй шахам машинтай хол замд гарна. Энэ бол осол биш, шууд эрсдэл.

Хамгийн хачирхалтай нь, хүмүүс үүнийг мэдсээр байж явдаг. Учир нь “амжина”.

Та хоёр машины урд орж амжлаа гэж бодъё. Гэхдээ хэдхэн минутын дараа зам дээр амарч зогсоход чинь нөгөө машинууд чинь гүйцээд ирнэ.

Хэрэв амжиж чадалгүй осолд орвол, тэр “хэдхэн минут” амьдралын чинь сүүлчийн минут болж хувирна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22