Dark Light
Нийгэм | 2025-12-08

МУГЖ О.НОРОЛХОО: ДРАМЫН ТЕАТРТ 22 ЖИЛИЙН ТУРШ ХҮҮХДИЙН ДҮРД ТОГЛОСОН

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм цол хүртсэн жүжигчин О.Норолхоотой ярилцлаа. Тэрбээр энэхүү үнэ хүндтэй шагналаа аваад догдолсон сэтгэл нь тайвшраагүй хөөрсөн, баярласан, талархсан нь байдал нь цээжиндээ оволзож, түүнийгээ үгээр илэрхийлж чадамгүй тийм их жаргалтай байлаа. 

-Саяхан гавьяат хэмээх эрхэм цол хүртсэн. Шагналаа Ерөнхийлөгчөөсөө гардаад зогсож байхад юу бодогдож байв?

-Өдий насандаа төрдөө үнэлүүлээд хүндтэй шагнал авсандаа туйлын их баярлаж байна. Анх таныг ийм шагналаар шагнах гэж байна гэж надад хэлэхэд би итгэж өгөхгүй, дахин лавлаад Осорын Норолхоо мөн үү? гэхэд "мөн, та маргааш ирж шагналаа ав" гэсэн. Энэ бол миний амьдралд хэзээ ч мартагдашгүй, хүн болгонд ч олдоод байдаггүй хувь, аз жаргал мэдрэгдсэн өдөр байсан. Би дөнгөж 18 настай хүүхэд байсан, 10-р ангид байхад драмын театраас, агуу Дамдинсүрэн гуай очиж жүжигчнээр шалгаж, театрынхаа тайзан дээр урьж авчирч байхад би формтойгоо л байсан. За ингээд чамайг драмын театрт жүжигчнээр авна гээд Ч.Лодойдамбын зохиол Гарын таван хуруу жүжгийн Идэрийн дүрд тоглоно гэж хэлэхэд, тэр үедээ агуу том театрт ирсэн гэж мэдээгүй. Драмын театртаа ороод 22 жилийн турш хүүхдийн дүрд тоглосон. Тэр үед драмын театрт 10-р анги төгссөн хүүхдүүд авч байсан. Надтай хамт орсон 5 хүүхдийн нэг нь хөдөлмөрийн баатар Цэрэндагва, гавьяат жүжигчин Цэрэнпагма минь байлаа. Манай театрын хажууд Хүүхэлдэйн театр байдаг байлаа. Драмын театрт 22 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Гэтэл Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойсүрэн гуай над руу утсаар яриад Норолхоо чи манай хүүхэлдэйн театрт жүжигчнээр ирээч гэж хэлээд авчирч байсан. Хүүхэлдэйн театрт ирээд хүүхдийн жүжигчид нь биднээс агуу улсууд байдаг юм байна, хүнд жинтэй хүүхэлдэйнүүдээ бариад, түүнийгээ амилуулаад жүжиглээд, араас нь үгээ ярина гэдэг бол надад давж чадахгүй юм шиг санагдаад “Би энд жүжигчин хийхгүй ээ, та намайг өөр ажлаар аваач” гэхэд туслах найруулагчаар авсан. Нэг жил ажилласны дараа төрийн соёрхолт Бавуугийн Лхагвасүрэн гэх хүн ажиллах санал тавьж, 15 жил ажилласан.

-Та эрэгтэй хүүхдийн дүрд их тоглосон. Тэр дундаа бүр дөрвөн эрэгтэй хүүхдийн дүрийг нэг тайзнаа гаргаж байсан гэдэг?

-Эрэгтэй хүүхдийн дүрд тоглоход зан ааш, хөдөлгөөн, дуу хоолой гэх мэтээс эхлээд эмэгтэй хүний хувьд нэлээн ажил шаарддаг. Болгарын “Шовгор малгайн дууль” жүжигт тоглосон. Тэр жүжигт нэг охинд нэг айлын 4 ихэр хүүхэд дурладаг. Тэр дүрийг найруулагч маань намайг хий гэж өгсөн. Чиний ялгагдах зүйл бол шар, хар малгай, майк өмсөнө, 4 хүний дүрийг чи тоглоно гэсэн. Надад маш хүнд туссан. Учир нь би эмэгтэй хүн, тэр дүр 18 настай дөрвөн эрэгтэй хүн. Жүжигчин хүний хувьд асар их ажиллагаа, ухаан, судалгаа шаардсан. Хархан гэдгийг нь дээрэмчин, танхай балмад, Алагхан гэдгийг зальтай, Шарханыг ээрүү хийе гэсэн. Тайзан дээр Хархан болж гараад буцаж ороод л эргээд Цагаахан болж гарч ирээд л... Маш их ажиллагаа шаардсан нь миний амьдралд их хэрэг болсон, уран бүтээлийн маань замналд нэмэр болсон гэж боддог.

-Та Алтан үеийнхэнтэй нэг тайзнаа гарч байсан байх аа?

-Би дээд сургууль төгсөөгүй, 10-р ангиа төгсөөд 1968 онд драмын театрт орж байхад зөвхөн ардын жүжигчин Цэгмид гуай байхгүй, бусад бүгд байлаа. Тэдний заавар зөвлөгөөгөөр л жүжигчин болсон. Телевиз гараад 1 жил болж байсан үед, нигер хүүхдийн дүрд тоглох болоод, нигер бүжиг хийдэг хүүхэд шүү бэлдээд ирээрэй гэхэд нь телевиз хараад сууж байсан чинь азаар харуудыг харуулсан баримтат кинон дээр хүмүүс нь бүжиглэж байсан. Маргааш нь бэлдээд очтол Бат-Очир гуай намайг жүжигчин болж чадах хүүхэд байна, хүний хэлснийг авч чаддаг хүнийг жүжигчин гэж хэлдэг болохоос жүжигчин хүн төрдөггүй юм, чамд боломж байна гэж хэлж байсан. Улаан малгайтын Гүен баатарт тоглодог хүн хамгийн анх театрт этик, анхаарал, хэл яриа гэж юу юм гээд зааж байлаа. Ардын жүжигчин Ичинхорлоо гуай бидэнд хамгийн анхны цалин өгөхийн тулд бүх медалиа зүүгээд гардаж өгч байлаа. Тэр агуу хүмүүстэй хамт ажиллаж, энэ хүмүүсийнхээ хайр халамжид байсандаа баярлаж явдаг. Буратино “Алтан түлхүүр”, “Найрын ширээний ууц” жүжгийг хөдөө бригадаар 10 жил тоглосон. Дүүрэн хүн үздэг. Гэтэл нэг суманд очтол нэг  хүн байдаггүй. Тэгсэн “Амьдралын анхны цонх” жүжиг телевизээр гардаг цагт нь оччихож. Тэгээд удалгүй сумынхан цугласан. Найрын ширээний ууц жүжгийн эхний үзэгдэл гарахад “Өө нөгөө Оюунханд байна шүү дээ” гээд шуугьж байсан. Тэндээс л Монголын ард түмэн Норолхоо гэдэг жүжигчнийг мэдэж байсан даа. Кинонд тоглосон жижиг ч бай, том ч дүр байсан үзэгчдэд хүрдэг. Засгийн Газрын ордноос шагналаа аваад гарч ирж байхад тэнд байсан бүх хүмүүс Буратино гээд баяр хүргэж байхад их огшсон. Энэ бол ард түмэн та нарын минь өгч байгаа шагнал шүү, үзэгч байхгүй бол бид хэн юм бэ.

-Таны хань бас насаараа театрын гэрлийн техникч хийсэн хүн гэсэн. Ханийнхаа тухай хуучлаач?

-Миний өвгөн 14-р сургуулийг 10-р анги төгссөн, 7-р ангид сургуульдаа өсгөгч хийж, ажиллуулж өгч, багаасаа радио сонирхдог хүн байсан. Төгсөөд драмын театрт ирж ажиллаад, гэрэл дээр ажилласан чинь нуруу нь хүрэхгүй сүүлдээ дуу хөгжмөө тавьдаг болоод тэнд байгаа бүх техникээ өөрөө засдаг болсон. Энэ шагнал миний ханьтай холбоотой шагнал. Соёлын яамнаас хүн ирээд Унгарын техникийг гаднаас мэргэжилтэн авчирч тавих гээд, эсвэл чи тавьж чадах уу гэхэд тэгье л даа яагаад чадахгүй гэж гээд тэр техникийг гэрлийн ажилчидтай хийгээд, дараа нь Японы аппаратуудыг тавьсан. Драмын театрт 2 давхрын ард талд гэрдийн өрөө, 3 давхрын шумын өрөө гээд бүх өрөөг миний өвгөн өөрөө ханаа цоолж, урлагийн бүх техникүүдийг хойноос захиалж авчирч өгдөг тийм агуу хүн байлаа. 3 жилийн өмнө бурхан болоход би театртаа орж чадахгүй байсан. Хүн болгон миний өвгөнийг таны хань их сайхан хүн байсан шүү гэж ярьдаг. Миний хань намайг энэ шагналыг авахад дээд тэнгэрээс харж байгаа байх гэж бодож байна.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Та хоёрын маань мэргэжлийг өвлөсөн хүүхэд бий юу?

-Би 2 охинтой. Том охин маань хүнсний технологич, гадаадад сургууль төгсөж ирсэн. Одоо бол ижийгээ хараад л сууж байна, тэтгэвэртээ гарсан. Бага охин маань аавынхаа мэргэжлийг эзэмшээд хүүхэлдэйн театрт дууны найруулагч хийж байна. Аав нь охиноо гардаж ажиллуулсан. Японы төхөөрөмж өөрөө хөөцөлдөж авчраад, монголд театрт ямар гэрэл техник, гэрэлтүүлэг байх ёстой юм гэдгийг утгаар нь захиалаад авчраад, охиндоо зааварчлаад ажиллуулсан. Миний охин, би аавынхаа мэргэжлийг эзэмшсэндээ баярладаг гэдэг. Хань минь, охин минь, би өөрөө урлагийн хүн гэдэгтээ үнэндээ баярлаж явдаг. Театрынхаа алтан тайзаа мөргөхөд, хамар шархирч уйлсан. Юугаа ч мэдэхгүй 18 настай охин ирээд л, өнөөдөр нэртэй төртэй болсон минь алтан тайзны минь буян. Хүүхдүүдийн алга ташилт бороо шаагьж байгаа юм шиг гоё байдаг. Үзэгчдээ харахад, хүүхдүүдийн жүжигтээ хариулж байгаа, гэнэн цагаахан, итгэмтгий байгаа, баатрууддаа хайртай байгаа нь маш хөөрхөн. Насан туршдаа хүүхдүүд дунд амьдарч ирсэн хүн залуу байхаас яах юм бэ? Би бол азтай хүн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31