"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлуудын баримтыг хэлэлцэж байгаа юм.
Гэрч Сангийн сайд асан С.Баярцогт: "2008, 2009 он Монгол улсын хувьд хамгийн хүнд үе байсан. Дөрөв орчим хувьтай байсан. Эдийн засаг -1,6 болтлоо унасан. Бид улсын төсөв 2,3 их наяд байсныг хоёр удаа тодотгож 1,9 болтол нь буулгаж байсан. Монголын түүхэнд хоёр удаа төсвийн тодотгол хийхдээ орлого, зарлага хоёроо хоёуланг нь буулгаж байсан тохиолдол зөвхөн энэ. Тухайн үед арилжааны хоёр банк дампуурсан. Мөн Монголын валютын нөөцийн 50 хувь нь зургаан сарын дотор гадагшилж байсан. Ийм л хүнд хэцүү үе байсан. 2009 онд анхны ажлын хэсэг хэлэлцээр хийхдээ Америкийн хэрэглээний индекс дээр нэмэх нь 9,9 гэдэг хүү авсан байсан. Яагаад 34 хувь яагаад 54 хувиа үнэтэй аваад байгаа юм бэ? гэж гишүүд яриад байна. Ашигт малтмалын хуулийн 5,3 5,4 5,5-аар тодорхой заагдчихсан. Энэ бол ашигт малтмалынхаа 34 хувийг авч байгаа зүйл ерөөсөө биш.
Ашигт малтмалын орд 100 хувь Монголд байгаа. Түүн дээр ажиллаж байгаа оператор компанийн 34 хувийг хөрөнгө гаргаж авах тухай хуулийн зохицуулалттай. Түүний дагуу л хийгдсэн. Тухайн үеийн зээлийн хүү хамгийн хүнд нөхцөлтэй авсан зээлийн хүү байсан. Мөн тухайн үед манайх гаднаас мөнгө босгож чадахгүй байсан. ОУ-ын валютын сангийн 18 сарын Stand buy хөтөлбөрт орчихсон байсан. 2012 онд анх удаа Евро бонд гээд Хөгжлийн банкийг байгуулсны дараа босгосон. Мөн 2012 онд “Чингис бонд”-ыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр босгосон. Монголд өмнө нь гаднаас мөнгө босгосон тохиолдол байхгүй. Үргэлж ОУ-ын хөгжлийн байгууллагуудаас авдаг байсан. Харин Эрдэнэтийн өр бол 10 тэрбум Америк долларын өр байсан. Монгол улс ОУ-ын валютын сангийн хөтөлбөрт орсон байсан. Манай төсөв өөрөө маш хүндрэлтэй. Дотооддоо орлогогүй. Зээлжих зэрэглэл гадны зах зээлээс мөнгө босгох бололцоогүй байсан. Тийм учраас бид хөрөнгө оруулагч талдаа хүсэлт тавьсан. Өнөөдөр баахан гишүүн суучхаад “Би дэмжсэн, дэмжээгүй” гэж яриад байна. Баримт байгаа учраас энэ хүмүүсийг худлаа ярьж байна гэж хэлмээр байна. Засгийн газарт эрх олгосон 57 дугаар тогтоолыг хэлэлцэхэд 49 хүн оролцоод 31 хүн нь дэмжээд 17 хүн нь татгалзсан. Энд сууж байгаа бүх хүн энэ тогтоолыг дэмжсэн. Засгийн газарт эрх олгоод 34 хувиа ав. Хуульд нийцүүл гэж бүгд дэмжсэн. 2009 оны долоодугаар сарын 16-нд Оюу тогойн хөрөнгө оруулалтыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай 57 дугаар тогтоол гэх. Дараа нь гурван хуульд өөрчлөлт оруулсан. Гурван хуульд өөрчлөлт оруулахад хамгийн ихдээ есөн хүн эсэргүүцсэн. Нөгөөх дээр нь найм. Нөгөөх дээр нь долоо. Энэ бүх зүйл баримттай байна. Энд сууж байгаа хүмүүсийг “Би эсэргүүцсэн” гэж яриад байхаар ойлгохгүй байна. Бүтээгдэхүүн хуваах тухай гээд яриад байна. Манай хуульд бүтээгдэхүүн хуваах тухай асуудал ерөөсөө байхгүй байгаа. Заасан заалт нь ердөө 5,3 5,4 5,5. Үүнийгээ ашиглая гэвэл төсвийн хөрөнгө оруулалтаа хийсэн бол 50 хувиа ав. Хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн бол 34 хувиа ав гээд хуульдаа заачихсан. Хэрэв энэ хүмүүс ярьсан зүйлүүдээ өөрчлөөд “Бүтээгдэхүүн хуваах руу” оръё, дан татвараа авъя гэсэн зүйлүүдийг байнга ярьж байсан. Бидний зүгээс ч санал тавьж байсан. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд хуульдаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарсан. Гэтэл 57 дугаар тогтоолоор үүрэг өгөхдөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульдаа нийцүүл гэсэн. Тийм учраас нийцүүлсэн. Сая Н.Батбаяр гишүүний хэлээд байгаа 68-ыг авах ёстой гэдэг дээр УИХ өөрөө хүчингүй болгосон. Засгийн газар 68-ыг байсаар байхад хэрэгжүүлэхгүй байсан юм огт байхгүй. Анх гэрээний хөрөнгө оруулалтын дүн нь 5,1 байсан. Энэ агуулгаар нь авч үзвэл ил уурхай нь 20 хувь далд уурхай нь 80 хувь байсан. Энэ хөрөнгө оруулалтаа хийгээд 20 хувийн ил уурхайгаа ажиллуулаад 2011 онд эхэлсэн. Энэ уурхай 8 жил үр ашигтай ажиллаад тэрхүү гарсан мөнгөөрөө гүний уурхайгаа санхүүжүүлээд явна гэсэн анхны төсөөллийг Засгийн газар, хөрөнгө оруулагч тал ч хийж байсан. Үүн дээр үндэслэж ТЭЗҮ хийгдсэн. Гэтэл нөхцөл байдал хэрхэн хүндэрсэн бэ? гэхээр геологийн нөхцөл байдал хүндэрсэн. Үнийн өсөлт хүндэрлээ гээд тухайн үед зардлууд нэмэгдээд эхэлсэн. Мэтгэлцээн гээд яриад байгаа зүйлийг Н.Батбаяр гишүүн асан маш сайн мэдэж байгаа. Над руу байнга ярьж байсан. “С.Ганбаатар гишүүнтэй бүү мэтгэлцээрэй. Бид хөрөнгө босгох гээд явж байна. Наад мэтгэлцээн чинь гай болно шүү. Хөрөнгө оруулалтын хэлэлцээр дуустал битгий мэтгэлцээрэй” гэдэг зүйлийг NY билүү Tokyo-оос ярьж байсан. Би түүнийх нь дагуу С.Ганбаатар гишүүнтэй мэтгэлцэхгүй хойшлуулаад л байсан" гэв.








Нийгэм




