Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хорооны босго давлаа. Ийн УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулсан ч санал хураалт болсонгүй. Xуулийн санал хураалтыг ирэх пүрэв гараг хүртэл хойшлуулаад байгаа юм. Учир нь ирц хангалтгүй шалтгаанаар АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан.
Хэлэлцэх эсэх дээр дэмжлэг авсан нь энэ асуудал зүгээр нэг улс төрийн шуугиан биш, бодитойгоор хэлэлцэгдэх шатандаа орсны дохио юм. Харин одоо гол маргаан нь “хэрэгтэй эсэх” дээр биш, “яаж хийх вэ” дээр төвлөрч байна.
УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудал үнэхээр сул байна. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Хэн нэгэн дөрвөн жил бараг үзэгдэхгүй алга болчихоод, сонгуулиар л дүнгээ тавиулдаг өнөөгийн тогтолцоо эрүүл систем биш. Иймээс эгүүлэн татах, хариуцлагажуулах механизмыг тодорхой болгох шаардлага бий. Энэ асуудлыг сөхөж байгаа нь зөв.
Гэхдээ зөв асуудал сөхсөн гээд санал болгож буй шийдэл нь автоматаар зөв болчихдоггүй.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд авах зүйл бий. Бас авах аргагүй зүйл ч бий. Парламентын хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж ярьж байгаад парламентын дархлааг сэвтээчихвэл тэр нь шинэчлэл биш, ухралт болно. Гишүүдийн болгоомжлол ч эндээс үүдэж байгаа.
Парламентын гишүүн бол жирийн албан тушаалтан биш. Тэр бол ард түмний төлөөлөл. Тиймээс түүнийг хэн дуртай нь, ямар ч улс төрийн нөхцөлд дарамталж болдог тогтолцоо бий болговол маргааш парламент засаглал биш, айдас засаглал тогтоно.
Харин Ерөнхийлөгч ийм төсөл өргөн барих эрхтэй юу гэдэг маргаан бол тусдаа асуудал. Үндсэн хуулийн 26.1-д Ерөнхийлөгчид хууль санаачлах эрх бий. Энэ эрхийг 2019 оны өөрчлөлтөөр нарийвчилсан болохоос устгаагүй. УИХ-ын дотоод дэг журамтай холбоотой хуулийг зөвхөн гишүүн санаачилна гэсэн заалт бий ч энэ төсөл бол зөвхөн хуралдааны дэг биш, парламентын гишүүний статус, хариуцлагын суурь зарчим хөндөж буй өргөн хүрээний асуудал. Иймд “өргөн барих эрхгүй” гэж шулуухан дүгнэхэд бас амаргүй.
Үнэндээ энд эрхийн маргаанаас илүү агуулгын маргаан чухал.
Монгол парламентын засаглалтай улс мөн бол парламентынхаа институцийг хамгаалах мэдрэмж өндөр байх ёстой. Сүүлийн жилүүдэд харин эсрэгээрээ Үндсэн хуулиа дэндүү амархан оролддог боллоо. Дөрвөн жилийн дотор гурав зассан. Ингэж нааддаг хууль биш. Үндсэн хууль бол төрийн туршилтын талбар биш.
Өнөөдөр парламентын засаглал Монголын хамгийн том зөвшилцсөн үнэт зүйл болсон. Гэхдээ энэ нь дархлаатай гэсэн үг биш. Парламентын засаглалыг “бэхжүүлнэ” гэж хашгирахаас илүү түүнийг эвдэлгүй хадгалж, боловсронгуй ажиллуулах нь илүү чухал.
Сүүлийн үед бас нэг аюултай үзэгдэл газар авч байна. Хуулийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлаж, улс төрийн зорилгоор мушгидаг боллоо. Иргэн хууль ярьж болохгүй гэсэн үг биш. Харин улс төрийн ашиг сонирхлоор хуулийн утгыг гуйвуулж, эрх бүхий байгууллагын тайлбарыг олон нийтийн сэтгэл хөдлөлөөр орлуулахыг зөвшөөрч болохгүй. Тэгж эхэлбэл хууль дээдлэх ёс биш, хамгийн чанга орилсон нь үнэн болдог популист дэглэм тогтдог.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд ч энэ эрсдэл бий. “Хариуцлага” нэрээр субьектив, улс төрийн зорилгоор ашиглаж болох заалт оруулбал тэр нь хууль биш, зэвсэг болно.
Нөгөө талд УИХ-ын даргыг нам бус болгох санаачилга гарч буй нь парламентын засаглалын логиктой илүү нийцэж байна. Парламентын олонхын дарга нь спикер болж, улмаар гүйцэтгэх засаглалтай давхар сүлжилддэг монгол хувилбар амьдрал дээр доголдлоо харуулсан. Ялсан намын дарга Ерөнхий сайд байх нь парламентын системийн сонгодог логик. Үүнийг тойрч “монголчилно” гэх тусам гажуудал л үүсдэг.
Ер нь Монголын улс төрийн том асуудал бол бүтэцдээ биш, дүрэм мөрдөх соёлдоо байна. Шинэ Засгийн газар тогтвортой ажиллах эсэх нь ч хуулиас илүү гүйцэтгэлээсээ шалтгаална. Ур чадваргүйгээ шоу, пи-араар халхалдаг, хоосон магтаалд дуртай, бодит үр дүнгүй кабинет удаан тогтдоггүй. Харин чадамжтай, шийдэмгий, хариуцлагатай ажиллавал тогтвортой байна.
Товчхондоо,
парламентын хариуцлагыг сайжруулах шаардлага бий.
Гэхдээ парламентын дархлааг нурааж байж хариуцлага тогтоодог улс хаана ч хөгжөөгүй.
Хариуцлага хэрэгтэй.
Гэхдээ эрх мэдлийн тэнцвэрээс үнэтэй хариуцлага гэж байдаггүй.
Б.АМАРТҮВШИН






Улс төр



