Гэр бүлийн хүчирхийллийг мэдсэн ч тоолгүй орхисон иргэнд торгох шийтгэл оногдуулдаг. Тодруулбал: Зөрчлийн тухай хуулийн 5.4.1-т гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг. Энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсооход иргэн бүрийн үүрэг чухал хэмээн хуульчилсан байна.
Нэгэн жишээ дурдахад "Согтуу хүн эхнэрээ зодоод байна" гэх дуудлага мэдээлэл энэ оны 4 дүгээр сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Багануур дүүргийн ... дугаар хороонд оршин суух иргэн Б нь хамтран амьдрагчийнхаа толгой тус газарт согтуурсан үедээ цайны шаазан аягаар цохиж биед нь гэмтэл учруулсан хэрэгт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Зөрчлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн л бол эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол албадан сургалтад хамруулж 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг юм.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн программд тухайн иргэний регистрийн дугаар, утасны дугаар, хаяг байршлаар хүчирхийллийн үйлдэл давтамж бүр нь бүртгэгдэж ял завших боломжгүйгээр хуулийн хариуцлага хүлээдэг болохыг анхааруулж байна.
Иймд иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж энэ төрлийн хүчирхийллийг мэдсэн даруй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгөхийг зөвлөж байна.
АДМИН








Нийгэм



