Dark Light
Нийгэм | 2025-12-29

ӨНӨӨДӨР ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН ЗАРЛАСАН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн зарласны түүхэн өдрийг тохиолдуулан 114 жилийн ойгоо тэмдэглэж байна. Одоогоос 114 жилийн өмнө, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгож, үндэсний тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарласан билээ.

Түүхийн хуудас сөхвөл, XIII–XIV зуунд дэлхийн түүхийг тодорхойлж байсан Монголчуудын хүч чадал дотоодын зөрчил, хагарал бутралаас үүдэн суларч, улмаар Манж Чин улсын эрхшээлд орсон гэж түүхчид үздэг. Энэ байдал Монгол төрийн язгуур суурийг ганхуулж, олон зууны турш харийн ноёрхолд байх нөхцөлийг бүрдүүлжээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг халж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт хаанд өргөмжилсөн түүхтэй. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөн барьж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулснаар тусгаар тогтносон Богд хаант Монгол Улс байгуулагдсан юм.

Шинээр байгуулсан таван яамны сайдаар Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яаманд Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яаманд Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яаманд Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яаманд Далай ван Гомбосүрэн, Шүүх яаманд Эрдэнэ ван Намсрай нарыг тус тус томилжээ. Харин 1912 оны наймдугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж, сайдаар нь Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байна.

Энэ үеэс эхлэн Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад орнуудтай дипломат харилцаа тогтоох үндсэн зорилтуудыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан, төрт ёсны олон зуун жилийн уламжлалтай ард түмний түүхийн онцгой хуудас бөгөөд хойч үеийн бахархан дурсах үйл явдал юм. Энэхүү хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүллийн биелэл болж, үндэсний ухамсрын их сэргэлтийг авчирсан төдийгүй 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс суурь болсон билээ.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдсан Наймдугаар Богд Жавзандамба хутагт буюу Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу нь 1869 оны аравдугаар сарын 13-нд Төвөдийн Лхасын ойролцоо мэндэлж, таван настайдаа Богд гэгээний хойд дүрээр тодорч Монголын Их хүрээнд ирсэн түүхтэй. Тэрээр өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр хэмээн үзэж, Монголын төрийн хэрэг, хувь заяаг өөрт нь хамаатай гэж үздэг байжээ.

Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг үндсэрхэг үзэлтнүүд Богд гэгээнийг хүрээлж, Манж Чин улсаас тусгаар тогтнох өргөх бичгийг барьснаар тэмцэл илүү зохион байгуулалттай болж эхэлсэн байна. Богд гэгээн уг өргөх бичгийг тааламжтай хүлээн авч, “Монгол овогтон бүгдээр нийлж, нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгаж, улмаар хаант Орост элч илгээн тусламж хүсчээ.

Манжийн төрийн хүч суларч байсан үеийг монголчууд овжин ашиглан, 1911 оны арванхоёрдугаар сарын 4-нд Манж амбан Сандогийг Хиагтын хилээр хөөн гаргаж, Хятад цэргийн зэвсгийг хурааснаар Үндэсний эрх чөлөөний хувьсгал бодит үр дүнд хүрсэн юм. Мөн Монгол Улс Манж Чин улсаас тусгаар тогтносныг тунхагласан бичгийг Халхын дөрөв, Дөрвөд, Урианхайн хязгаар болон өвөрлөгч хошуудад илгээж, өндөр настнуудад бэлэг гардуулан, хоригдлуудад өршөөл үзүүлсэн тухай түүхэн баримт бий.

Улсын Их Хурлын 2007 оны наймдугаар сарын 16-ны өдрийн хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх өдөр болгон баталсан бөгөөд ийнхүү өнөөдөр Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн зарласны 114 жилийн ойг улс орон даяар тэмдэглэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21