Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн Б.Энх-Оргилын сэтгэгдлийг сонслоо.
Энэ жил олон үйл явдал давхацсан сайхан жил байна. Маргааш эхээс мэндэлсэн барт өдөр минь тохионо. Ийм сайхан эрүүл энх өсгөсөн ээждээ баярлалаа. Ерөнхийлөгч шагналаа гардуулахдаа цаашдаа улам хичээгээрэй гэсэн. Угаасаа хичээхээс өөр арга байхгүй. Миний өөрийн сонгосон зам. Өөрөө тулалдах дуртай. Цаашдаа улам хичээж, ахиулаад л, ахиулаад л давах ёстой даваагаа даваад явна даа. Ийм сайхан өдөр ийм сайхан том шагналыг төрөөсөө авч байгаад баяртай байна. Хэлэх үг олдохгүй байна. Ийм сайхан туурга тусгаар улсын иргэн ийм сайхан түүхтэй улсын иргэн болж энэ сайхан түүхэн өдөр төрдөө үнэлэгдэж хөдөлмөрөө үнэлүүлэн шагнал авч байгаадаа туйлын их баяртай байна. Манай багш жилийн өмнө миний тоглож байгаа холбооны дэлхийн аварга болж байсан. Багшийнхаа амжилтыг давтаж чадсандаа их баяртай байна. Гэр бүлийнхэн болон дэмжиж байгаа маш олон хүмүүс бий. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. 2025 он миний хувьд өгөөжөө өгсөн сайхан жил байлаа. 2025 оны нэгдүгээр сарын 6-нд ялалтаар тулаанаа эхэлж байсан бол арванхоёрдугаар сарын 6-нд мөн ялалтаа өндөрлөөд дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг аваад, бүсийг нь эзэмшээд гавьяат тамирчин гэдэг эрхэм цолоор шагнуулаад давхар баярууд болж байна. Мөн Степ линк компаниас Ц.Түвшин захирал спортын заал өмчилж өгөхөөр ярьсан. Энэ нь надад өгч байгаа бэлэг боловч спортын салбар, хүмүүсийн эрүүл мэндэд оруулж буй маш том хөрөнгө оруулалт. Монгол төрийн минь сүлд үргэлж дээшээ дэвшин, өндөрт мандаж байх болтугай.
С.ОТГОНБАЯР







Нийгэм








