Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй. Өдөр хоног урссаар, нэг л мэдэхэд шинэ он эхэлдэг. Харин бид жил бүрийн эхэнд шинэ он, шинэ би гээд л шинэ зорилго төлөвлөж “энэ жил өөр байна” гэж боддог ч жилийн төгсгөлд өмнөхтэйгөө адил байгаагаа анзаардаг. Тэгвэл 2026 он яагаад онцгой байж болохгүй гэж?
“Хүн нэг л өдөр сэрээд өөр амьдрал эхэлдэггүй. Харин өдөр бүрийн жижиг шийдвэрүүд нийлж өөрийг тань бүтээдэг.”
Зорилгогүй амьдрал — сэлүүргүй завь
“Хаашаа явахаа мэдэхгүй хүн хаана очихоо хэзээ ч мэдэхгүй.”
Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй. Гэхдээ хүсэл, зорилго хоёр адил зүйл биш. Хүсэл бол бодол, зорилго бол шийдвэр. Зорилгогүй хүн хаашаа явахаа мэдэхгүй, харин хаашаа явахаа мэдэхгүй хүн хаана очих нь тодорхойгүй. Олон хүн завгүй амьдардаг ч зорилготой амьдардаг нь цөөн. Өдөр бүр ажиллаж, зүтгэж, ядрах атлаа “яах гэж?” гэдэг асуултад хариулж чаддаггүй. Ингэж амьдрах нь салхинд найдан хөвөх завьтай адил — хөдөлж байгаа мэт боловч ахиж байгаа эсэх нь тодорхойгүй.
Өөрөөсөө эдгээр асуултыг асуугаарай..
- Би яг юунд хүрэхийг хүсэж байна вэ?
- Миний өнөөдрийн амьдрал намайг сэтгэл хангалуун байлгаж байна уу?
- Хэрвээ би одоогоос өөрчлөгдөхгүй бол 5 жилийн дараа юу өөрчлөгдөх вэ?
- Би үнэхээр өөрийнхөө хүссэн амьдралыг амьдарч байна уу?
- Миний хийж буй зүйлс намайг хаашаа аваачиж байна вэ?
Эдгээр асуултаас зугтах тусам цаг хугацаа бидний өмнөөс шийдвэр гаргасаар байх болно.
Тодорхой зорилго — тодорхой ирээдүй
“Хүсэл бол бодол. Зорилго бол өөртөө өгөх амлалт.”
“Илүү сайхан амьдарна”, “амжилтад хүрнэ” гэдэг үгс урам өгдөг ч зам заадаггүй. Харин зорилго тодорхой байх тусам айдас багасаж, итгэл нэмэгддэг. Зорилго тодорхой, хэмжигдэхүйц, бодит байх ёстой шүү дээ.
2026 онд зорилгоо дараах байдлаар харах хэрэгтэй. Жишээ нь:
- Эрүүл мэнд: бие махбод, сэтгэл зүй, эрүүл мэндээ анхаарах
- Мэдлэг: суралцах, хөгжих, өөрийгөө таних
- Харилцаа: гэр бүл, найз нөхөдтэйгөө илүү ойр байх
- Ажил, орлого: санхүүгийн тогтвортой байдалд хүрэх
- Дотоод ертөнц: өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, амар тайван байх
Эдгээрийг тодорхой хугацаа, бодит болгох үед л зорилго амь ордог. Зорилго бол өөртөө өгсөн амлалт юм.
Том зорилго жижиг алхмаас эхэлнэ
Олон хүн “дараа эхэлье” гэж бодсоор хойшлуулсаар л байдаг. Гэтэл дараа гэж өдөр хэзээ ч ирдэггүй. Зөвхөн өнөөдөр л гэж байдаг. Олон хүн зорилгоо хэт томоор төсөөлж, эхлэхээсээ өмнө айж шантардаг. Гэтэл ямар ч том амжилт өдөр тутмын жижиг дадлаас бүтдэг. Өдөр бүр хийж болох өчүүхэн мэт санагдах алхмууд цаг хугацааны явцад асар их үр дүн авчирдаг. Өнөөдөр хийсэн 10 минутын хичээл, нэг хуудас ном унших, нэг зөв шийдвэр маргаашийн таныг бүтээж байдаг.
Тууштай байдал — чимээгүй ялалт
“Амжилт ихэнхдээ чимээгүй ирдэг.”
Урам зориг, эрч хүч заримдаа зүгээр л алга болчихдог. Ядарна, шантарна, эргэлзэнэ, бусадтай өөрийгөө харьцуулна. Энэ бол сул дорой байдал биш, хүн байхын шинж. Харин ялгааг гаргадаг зүйл нь шантрах үедээ ч зогсолгүй үргэлжлүүлэх чадвар. Тууштай байдал гэдэг бол төгс байх биш. Харин унасан ч босоод үргэлжлүүлэх чадвар юм.
Алдаа бол таны багш
“Алдаа гаргасан хүн биш, алдаанаасаа суралцаагүй хүн л ялагддаг.”
Би алдаа гаргалаа гэж өөртөө хэт хатуу хандах хэрэггүй. Алдаа бол таны эсрэг биш, харин таны төлөө ажиллаж байдаг. Алдаа бүр танд дараагийн алхмаа илүү ухаалгаар хийх боломж өгдөг. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Харин алдаанаасаа суралцдаг, эс суралцдаг хоёр л төрлийн хүн бий. 2026 онд өөртөө дарамт учруулахын оронд өөрийгөө ойлгож, алдааг амьдралын нэг хэсэг гэж хүлээж авах нь чухал. Өөрийгөө буруутгах тусам урагшлах эрч хүч буурдаг. Харин өөрийгөө уучлах тусам дахин эхлэх зориг нэмэгддэг.
Өөрчлөлт өөрөөс тань эхэлдэг
“Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас..”
Хүн бүр төгс биш. Гэхдээ бидний бодол, хандлага, сонголт бидний гарт бий. Өөрчлөлтийг бусдаас хүлээвэл хэзээ ч эхлэхгүй. Харин өөрөөсөө эхэлбэл аажмаар бүх зүйл өөрчлөгдөнө. Нийгэм, эдийн засаг, орчин нөхцөл бидний хүссэнээр байдаггүй. Гэхдээ бидний бодол, хандлага, сонголт бидний гарт бий. Бусдыг, орчныг буруутгаж нийгэм болохгүй байна, утаа, түгжрэл л болохгүй байна гээд л байвал юу ч өөрчлөгдөхгүй. Харин өөрөөсөө эхэлбэл аажмаар бүх зүйл өөрчлөгдөнө.
2026 он бол таны боломж
Хэзээ эхлэх вэ гэж өөрөөсөө бүү асуу. Хэрвээ та үүнийг уншиж байгаа бол аль хэдийн эхлэх цаг нь ирсэн.
2026 он бол:
- Өнгөрснөө буруутгах биш, сургамж авах жил
- Айдастаа захирагдах биш, зориг гаргах жил
- Хойшлуулах биш, эхлүүлэх жил
Яг одоо л хий. Өнөөдөр хийсэн нэг жижиг шийдвэр таны ирээдүйн амьдралыг эрс өөрчилж чадна. Амжилт хүсье!
Т.УНДРАХБАЯР








Нийгэм




