Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас элсний нүүлт, хөдөлгөөнийг сааруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх зорилгоор Булган аймгийн Рашаант сумын Элсэн тасархай орчимд нийт 50 га талбайд хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажил хийв.
Төслийн хүрээнд 50 га талбайг хашаажуулж, үүнээс 30 га талбайд элсний нүүлт, хөдөлгөөнийг сааруулах механик хамгаалалт байгуулсан бол 20 га талбайд мод, сөөг тарих замаар биологийн нөхөн сэргээлт хийсэн. Биологийн нөхөн сэргээлтийн хүрээнд бургас, хайлаас, монос, хус, харгана, улиас, агч, гүйлс зэрэг нийт 12 зүйлийн 5,235 ширхэг мод, сөөгний суулгац тарьжээ. Мөн нөхөн сэргээлтийн талбайн усан хангамжийг шийдвэрлэх зорилгоор 33 метрийн гүнтэй худаг гаргасан байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ажлын хэсэг, Хөгнө Тарнын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид, Рашаант сумын Засаг даргын орлогч, байгаль орчны улсын байцаагч болон төсөл хариуцагч нар төслийн талбайд ажиллаж, хэрэгжүүлсэн арга хэмжээний гүйцэтгэл, явц, үр дүнтэй газар дээр нь танилцан, ажлыг хүлээн авах ажиллагааг зохион байгууллаа.
Мөн төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг орон нутагт хүлээлгэн өгч, тарьсан мод, сөөгний ургалт, амьдралтыг хангах, нөхөн сэргээлтийн үр дүнг баталгаажуулахын тулд усалгаа, арчилгааг тогтмол хийж, ургалтад нь хяналт тавьж ажиллах шаардлагатайг холбогдох байгууллагуудад анхааруулав.
Энэхүү ажил нь элсний нүүлт, хөдөлгөөнийг сааруулах, газрын доройтлыг бууруулах, байгалийн ургамлан бүрхэвчийг нэмэгдүүлэх, экосистемийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн чухал арга хэмжээ юм.
АДМИН




Нийгэм



