Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин өнөөдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.
Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь 21 аймаг, 9 дүүрэгт 33 дунд шатны хороогоор дамжуулан нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна.
МУЗН-т 2025 онд 6250 гишүүн, 2030 хүн сайн дурын идэвхтнээр элсэж, 17,800 сайн дурын идэвхтэн тогтмол идэвхтэй ажиллаж байна.
Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин: Хүмүүнлэгийн үйлсийг түүчээлэн ажиллаж, ЭМЯ-ны нэгэн хүч болж буйд талархаад, нийгмийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээг сайжруулах нэг зорилгын хүрээнд ЭМЯ-аас бодлогоор дэмжин, цаашид хамтран хийж хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой саналуудыг хэлэв.
Тус нийгэмлэг нь Анхны тусламжийн сургалтын төвдөө иргэн бүр эзэмшвэл зохих бүхий л сургалтыг явуулж байгааг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа онцлов.
Зам тээврийн осол, гэнэтийн яаралтай тусламж шаардлагатай үед түргэний эмч ирэх хүртэл хугацаанд тухайн өвчтөний дэргэд хамгийн ойр байгаа хүн анхны тусламжийг амжилттай үзүүлэх нь чухал байдаг. Иймд бүхий л салбарын хүрээнд анхны тусламжийн сургалт зохион байгуулах томоохон сургалтын бааз, гарын авлага зэргийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн онд МУЗН анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 75 удаагийн сургалт зохион байгуулж, 72 идэвхтэн бэлтгэн, 1314 хүнд анхны тусламжийн мэдлэг олгожээ.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм





