Өмнөд Солонгосын залуусын загварын гол төлөөлөл, поп соёлын тод нүүр царай болсон алдартай жүжигчин Шин Мин-а (Shin Min-a) «Disney+» платформын түүхэн, уран зөгнөлт шинэ супер бүтээл болох «The Remarried Empress» олон ангит кинонд гол дүр бүтээж, дэлгэцийн урлагтаа хүчтэй эргэн ирэлт хийлээ.
Уг кино нь нээлтээ хийснээсээ хойш ердөө гурван хоногийн дотор «Disney+» болон «Hulu» платформ дээрх хамгийн их үзэлттэй солонгос контентоор шалгарч, рекордыг эвдээд байна.
Шин Мин-а ердөө 14-хөн настай байхдаа буюу 1998 онд «KiKi» сэтгүүлээс зохион байгуулсан өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээнд түрүүлж, тухайн үеийнхээ залуусын шүтээн, тод икон болж байжээ. Түүний царай сонин сэтгүүлийн нүүр хуудас, телевизийн сурталчилгаа болон тухайн үеийн супер одуудын хөгжмийн клип бүрт харагддаг байв. Улмаар 17 насандаа «Beautiful Days» мелодром кинонд туслах дүр бүтээж жүжигчний карьераа эхлүүлсэн бөгөөд түүний араас бүтээсэн анимэ загвартай, тулаант «Volcano High» уран сайхны кино нь олон улсад маш том амжилт авчирч, тэрээр армийн шилдэг тулаанч охины дүрийг орлон тоглогчгүйгээр өөрөө гүйцэтгэж байсан түүхтэй. Түүнийг дэлхийн хэмжээний супер од болгосон хамгийн том бүтээл бол 2010 оны алдартай «My Girlfriend Is a Gumiho» (Миний найз охин есөн сүүлтийн үлгэр) хэмээх уран зөгнөлт, инээдмийн романтик кино юм. Түүний бүтээсэн өхөөрдөм есөн сүүлт үнэгний дүр Солонгост төдийгүй Хятадын зах зээлийг байлдан дагуулж, тухайн үеийн К-поп охидын хамтлагуудыг чансаагаар даван, түүний өмссөн энгийн даашинз, хавтгай ултай гутал нь тухайн жилийнхээ Азийн залуусын хувцаслалтын гол трэнд болж байлаа.
Хэдийгээр хүмүүс түүнийг романтик, инээдмийн киноны хатан хаан (Rom-com queen) гэж хардаг ч тэрээр карьерынхаа туршид маш эрсдэлтэй, сэтгэл зүйн хүнд дүрүүдээс хэзээ ч зугтаж байсангүй. Тухайлбал, 1970-аад оны диско бүжигчин охины дүрийг бүтээсэн «Go Go 70s» киногоороо Шүүмжлэгчдийн холбооны Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн бол 2020 оны «Diva» болон 2026 оны сэтгэл зүйн триллер төрлийн «The Eyes» кинонд хараагаа алдаж буй гэрэл зурагчин эмэгтэйн дүрийг бүтээхийн тулд ямар нэгэн график (CGI) ашиглалгүй, өөрийн нүдний хөдөлгөөнийг олон сарын турш тусгайлан дасгалжуулж тоглогсон нь түүнийг ямар өндөр ур чадвартай жүжигчин болохыг илтгэдэг.
Түүний хувийн амьдрал олон улсын шоу бизнесийн ертөнц дэх хамгийн үлгэр жишээ харилцааны нэг юм. Тэрээр өөрөөсөө дүү, алдартай жүжигчин Ким Ү-бин (Kim Woo-bin)-тэй 2015 онд харилцаагаа албан ёсоор зарласан бөгөөд тэдний хайр сэтгэл 2017 онд маш том сорилттой тулгарсан юм. Ким Ү-бин залгиурын хорт хавдартай гэж оношлогдоход Шин Мин-а олон жилийн хүнд эмчилгээний турш түүний хажуунаас алхам ч холдолгүй, халамжлан түшиж, түүнийг эрүүл болоход гол нөлөөг үзүүлсэн байна. Бүр түүнийг эдгэрэхийг даатгаж Буддын шашны зан үйлээр хүнд шуудайтай цагаан будааг толгой дээрээ тээж, уулын орой руу явган алхаж өргөл өргөж байсан нь хожим ил болж, шүтэн бишрэгчдийг нь бишрэл хүндэтгэлийг хүлээж байв. Ким Ү-бин хорт хавдраа бүрэн ялан дийлж, тэд хамтдаа 10 жилийг туулсны эцэст 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сөүл хотноо албан ёсоор хуримаа хийж, гэрлэсэн байна.

ТАТАР МАЙДАР





Урлаг соёл





