СЭМҮТ-ийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга Д.Одончимэгтэй ярилцлаа.
-Сэтгэцийн эмгэгтэй байнгын хяналтад байдаг хэдэн иргэн байдаг вэ?
-Сэтгэцийн эмгэгийн тусламж үйлчилгээ, хяналтын үзлэг мэргэжлийн байгууллагад хийгддэг. Сэтгэцийн өвчин сэдрэлийн байдалд орвол, дахивал хэвтэн эмчлэх заалт үүсэн хэвтүүлэн эмчилж байгаа. Амбулаториор өвчин харьцангуй засралд орсон, намжмал байдалд орсон хяналттайгаар эмийн эмчилгээ явах шаардлагатай бол мэргэжлийн эмч хянаад сар бүр идэвхтэй хяналтыг хийгээд явдаг. Энэ хяналт СЭМҮТ-д болон 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж байгаа эмч нар хяналт хийгээд явж байна. Сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн хүн болгон идэвхтэй хяналтад орохгүй. Яг өнөөдрийн байдлаар 1700 гаруй хүн СЭМҮТ-ийн идэвхтэй хяналтад байна.
-Хууль хүчнийхэн, цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг уу?
-Хуулийнхан цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг. Жишээ нь, сэтгэцийн эмгэгтэй иргэн нийгэмд болон өөртөө аюултай зүйл хийх, эрсдэл үүсгэх, хийсэн тохиолдолд хуулийн байгууллагаар дамжин манай байгууллагад шинжилгээ хийлгэж, хэвтүүлэн эмчлүүлэх заалт үүсэн цагдаагаар хүргэгдэн ирэх тохиолдол нэлээд байдаг. Ийм байдалд орсон өвчтөн өөрөө би эмчлүүлье гээд ирэх нь ховор. Ихэнх нь цагдаатай, хуулийн байгууллагаар дамжаад эсвэл өөр эрүүл мэндийн байгууллага түргэн тусламжаар дамжаад, эсвэл ар гэр асран хамгаалагч, ойр дотны хүмүүс нь ийм нөхцөл байдал үүслээ гээд авчирдаг. Гэмт хэрэг хийсэн сэтгэцийн эмгэгтэй холбоотой эсэх, эсвэл хийсэн хэргийн улмаас сэтгэцэт өөрчлөлт орсон эсэх дүгнэлт гаргуулах үйл ажиллагаа мөн явдаг.
-Улсын хэмжээнд мэргэжлийн хэчнээн эмч байдаг бол?
-Одоогоор 140 гаруй сэтгэцийн эмч төрийн байгууллагад ажиллаж байна. СЭМҮТ-д 80-аад эмч байна. Орон нутаг, бүх аймагт сэтгэцийн кабинеттай. Сэтгэцийн ор бүхий тасагтай. Сэтгэцийн мэргэжлийн эмч, сэтгэцийн мэргэшсэн сувилагч ажиллаж байгаа. Есөн дүүрэгт мөн кабинет ажиллаж байна. 18002000 гээд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх, зөвлөх утас ажилладаг. Өдөртөө багадаа 20 дуудлага мэдээлэл хүлээн авч, зөвлөгөө өгч ажилладаг.
-Сэтгэцийн эмгэгтэй хүн гэмт хэрэг хийсэн, давтсан тохиолдлыг СЭМҮТ бүртгэдэг үү?
-Сэтгэцийн эмгэгийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, өвчний сэдрэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдээд, түүнд сэтгэцийн байдал дээр нь дүгнэлт гараад албадан эмчилгээ хийх тасаг манайд байгаа. Гэхдээ үүн дээр тэдэн хүн хүн амины хэргээр ирсэн, тийм ийм гэмт хэрэг хийсэн гэж би нийтэд мэдээлэх боломжгүй.
С.ОТГОНБАЯР








Нийгэм





