Цагаан сар бол монголчуудын хувьд хамгийн элбэг дэлбэг, хамгийн амт шимттэй хоолоо нэг дор өргөдөг баяр. Энэ бол зөвхөн монголчуудын онцлог биш, дэлхий даяарх баяр ёслолын нийтлэг дүр зураг. Харин асуудал нь идэхэд биш, хэтрүүлэхэд оршдог.
Баярын өдрүүдэд бага зэрэг илүү идэх нь эрүүл хүнд асуудал болдоггүй. Харин өөх тос ихтэй, ходоод гэдсэнд шингэхэд төвөгтэй хоолыг их хэмжээгээр, дараалан хэрэглэх нь ноцтой эрсдэл дагуулдаг. Үүн дээр нэмээд зарим айлын зоог, салат, зууш эрүүл ахуйн шаардлага хангахгүй, халуун орчинд удаан хадгалагдсан байх нь ч бий. Өөрөөр хэлбэл, баярын ширээн дээрх эрсдэл зөвхөн хэмжээ бус, чанартай ч холбоотой.
Сүүлийн жилүүдэд “баяраар л ходоод, нойр булчирхай өвдлөө”, “даралт савлачихлаа” гэх яриа энгийн үзэгдэл болсон. Энэ нь санамсаргүй зүйл биш. Монголын хүн амын дийлэнх нь архаг суурь өвчлөлтэй болсныг илтгэж буй дохио юм. Даралт ихсэх, судас хатуурах, бодисын солилцооны эмгэг хэдэн хувьд хүрснийг илтгэх бодит тоо баримт ч бараг “алга болсон” гэхэд хилсдэхгүй.
Суурь өвчтэй хүн багахан хэтрүүлэлтэд ч даралт нь ихсэж, хоол боловсруулалт алдагдаж, улмаар түргэн тусламж дуудах хэмжээнд хүрдэг. Харин эрүүл биетэй хүн идсэн зүйлээ шингээж чаддаг. Өнөөдрийн бодит байдалд асуудал хоолондоо биш, идэх ачааллаа даах бие цөөн болсонд оршиж байна. Ийм нөхцөлд архаг өвчтэй хүмүүс хоол, архи дарсаа тохируулж хэрэглэхээс өөр сонголтгүй.
Монгол хоол өөрөө буруу биш. Харин буруу хослол хамгийн том алдаа болжээ. Малын мах бол өөх тос ихтэй, амьтны гаралтай хүнс. Гэтэл ийм хоол идчихээд араас нь хүйтэн ундаа, пиво, архи уудаг дадал газар авсан. Зуны цагт хорхогны араас хүйтэн кола уух нь ч түгээмэл. Үүний үр дүнд нойр булчирхайн хурц үрэвсэл үүсч, өвчлөл эрс нэмэгддэг.
“Тостой хоолны араас хүйтэн юм битгий уу” гэж ахмад үе захидаг байсан нь зүгээр нэг сургааль биш. Хоол боловсруулах ферментүүд тогтвортой температур шаарддаг. Энэ алдагдмагц бие махбодод сөрөг нөлөө үзүүлдэг. 1980-аад онд Монголд нойр булчирхайн өвчлөл бараг байдаггүй байсан бол өнөөдөр олон хүн энэ оноштой болжээ. Иймд өөх тос ихтэй хоолны дараа хүйтэн ундаа хэрэглэхгүй байх нь энгийн хэрнээ чухал хамгаалалт юм.
Хоорондоо “зохицохгүй” хүнс хүнийг шууд хордуулдаггүй. Гэхдээ нэгнийхээ шимэгдэлтийг бууруулж, идсэн зүйл үр дүнгүй болох эрсдэл бий. Жишээ нь, махтай хоолны дараа сүү, тараг уухад шим тэжээл биед орж байгаа ч харилцан дэмжихгүй. Харин махыг ногоотой хослуулах нь төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг. Ялангуяа C витаминаар баялаг ногоо махтай хамт идвэл илүү үр дүнтэй.
Хүний бие махбод хоолоор тэжээгддэг. Агаар чухал ч, эрүүл мэндийн үндэс нь хоол. Хоол тэжээлээ зохицуулж чадахгүй бол халдварын бус өвчлөлөөс ангид байна гэсэн ойлголт үгүй болжээ. Өнөөдөр дэлхий нийтээрээ хоол тэжээлийн асуудлыг нэн тэргүүнд тавьж буй нь ч үүнтэй холбоотой.
Харамсалтай нь монголчуудын хоол тэжээлийн талаарх мэдлэг сүүлийн жилүүдэд сулрав. Өмнө нь “өглөөний цайгаа ууж бай”, “хоолны дараа хэвтэж болохгүй”, “өлөн элгээ тайл” гэх энгийн зөвлөмжийг ахмад үе дамжуулж өгдөг байв. Харин өнөөдөр энэ мэдлэг тасарчээ. Хүний суурь дадал, ойлголтын ихэнх нь тав хүртэлх насанд бүрэлддэг атал манай боловсролын системд хоол тэжээлийн боловсрол орхигдсон хэвээр байна.
Өмнө нь байгалийн бус, боловсруулсан хүнс ховор байсан тул ийм боловсрол зайлшгүй хэрэгцээ болоогүй байж магад. Харин өнөөдөр “яаж эрүүл биетэй амьдрах вэ” гэдэг мэдлэг хамгийн чухал чадвар болжээ. Үүнийг боловсролын системээр дамжуулан шийдэхгүй бол Монгол Улс цаашдаа өвчлөлөө дийлэхгүй болох бодит эрсдэл ойртсоор байна.
Цагаан сар бол идэх баяр биш, өөрийгөө таних шалгалт юм. Баярын ширээний ард хэн эрүүл, хэн биеэ үл тоодгийг ялгаж харуулдаг цаг иржээ.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм







