Судлаачдын тооцоолсноор дэлхийн цөмд бүх далай тэнгисийн устай тэнцэх хэмжээнээс 9-45 дахин их устөрөгч байх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, устөрөгч нь дэлхийн цөмийн нийт жингийн 0.07–0.36 хувийг эзэлж байгаа юм.
Судалгааны ахлагч Донгян Хуан “Дэлхийн түүхийн эхний сая жилд усны ихэнх нь цөмд хадгалагдсан байх боломжтой. Амьдрал оршиж буй гадаргуу нь үнэндээ хамгийн бага устай давхарга байж болзошгүй” гэж онцолжээ.
Дэлхийн цөм нь ихэвчлэн төмөр, никелиэс бүрдэх ба өндөр даралт, температурын нөлөөн дор шингэн төлөвт оршдог. Устөрөгч ийм нөхцөлд металлын хайлмагт уусаж, цөм бүрэлдэх үед тэнд хуримтлагдсан байх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Гэвч цөмд шууд хүрч судлах боломжгүй тул лабораторид өндөр даралт, температурыг дуурайлган туршилт хийжээ.
Судлаачид төмрийг алмазан дөшний эсэд лазераар хайлуулж, атомын датчик томограф гэх аргаар атомын түвшинд химийн найрлагыг шинжилсэн юм. Ингэснээр устөрөгч, цахиур, хүчилтөрөгчийн харилцан үйлчлэлийг шууд ажиглаж, устөрөгч ба цахиурын харьцаа ойролцоогоор 1:1 байгааг тогтоожээ. Энэ мэдээллийг өмнөх цахиурын тооцоололтой хослуулан цөм дэх устөрөгчийн хэмжээг гаргасан байна.
Туршилтын явцад устөрөгчийн тодорхой хэсэг алдагдсан байх магадлалтай тул зарим эрдэмтэд бодит хэмжээ үүнээс ч их байж болохыг анхааруулж байна. Судалгаагаар цөм дэх устөрөгчийн хэмжээ 0.2–0.6 хувь байж болзошгүй гэж үзсэн нь шинэ тооцооллоос өндөр үзүүлэлт юм.
Хэрэв эдгээр хэмжилт батлагдвал дэлхийн үүсэл, дотоод бүтэц, соронзон орны хөгжил, цаашлаад амьдрал үүсэх нөхцөлийг ойлгоход чухал ач холбогдолтой юм. Устөрөгч нь амьдралын үндсэн элементүүдийн нэг тул дэлхийн гүнд ийм их хэмжээгээр агуулагдаж байж болзошгүй нь шинжлэх ухааны чухал нээлт болж байна.
|
Эх сурвалж
| CNN
|
Б.ЭНХЗАЯА








Нийгэм







