Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдрийг дэлхий даяар “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдөр нь эмэгтэйчүүдийн эрх, тэгш байдлыг дэмжих, нийгэмд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн хүндэтгэх зорилготой юм.
Түүхэн баримтаас үзвэл, энэ өдрийн эхлэл 1908 оноос тавигдсан гэж үздэг. Тухайн үед АНУ-ын Нью-Йорк хотод 15 мянга орчим эмэгтэй ажиллах цагийг багасгах, эрэгтэйчүүдтэй ижил цалин авах, мөн сонгууль өгөх эрхийн төлөө жагсаал хийжээ. Үүний дараа буюу 1909 онд Америкийн Социалист намын санаачилгаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсэн байна.
Харин “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл Копенгаген хотод болсон Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин дэвшүүлсэн түүхтэй. Улмаар 1911 онд Австри, Дани, Герман, Швейцар зэрэг улсад энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.
Хожим нь 1975 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 8-ны өдрийг дэлхийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулж, үнэлэлт дүгнэлт хийх өдөр болгон зарласан байна.
Монгол Улсад “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг 1925 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Энэ өдөр нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцоог нь дэмжих, тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлэх зорилготойгоор тэмдэглэгддэг.
Энэ жилийн баярыг тохиолдуулан орон даяар эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, амжилт бүтээлийг нь алдаршуулах олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Монголын нийт эмэгтэйчүүд, ээжүүд, охид бүсгүйчүүддээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








