Иргэн Н.Э нь өөрийн өмчлөлийн тоёота Ланд Крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг 200 сая төгрөгөөр даатгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт голын эргээр зорчиж байх үедээ үерт автаж улмаар тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учирсан, засварын үнэ 218,9 сая төгрөг болох талаар засварын газрын үнийн санал гарч даатгалын компаниас нөхөн төлбөр авахаар хандахад даатгуулагч нь голын эрэг дээр буюу замгүй газар тээврийн хэрэгслээ байрлуулж бороо орж голын ус эргээсээ халих үед тээврийн хэрэгслээрээ гол гатлах үед хохирол учирсан нь даатгуулагчаас ирүүлсэн баримтуудаар нотлогдож байгаа учраас гэрээний байгалийн эрсдэл хэсэгт заагдсан уулын үер болон шар усны үер гэх эрсдэлд хамаарахгүй учраас нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн нь үндэслэлгүй хэмээн маргаж шүүхэд хандсан.
Анхан шатны шүүх: Талууд 1 жилийн хугацаатай даатгалын гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, даатгалын гэрээнд заагдсан хугацааны дотор тухайн тохиолдол бий болсон. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримт гэрч нарын мэдүүлгээр үеэр болсон нь тогтоогдож байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний байгалийн эрсдэлд уулын болон шар усны үерт даатгалын тохиолдол бий болсон гэж эрсдэлийг нэрлэн заасан нь талуудын тохиролцсон болзол, мөн хариуцагч даатгалын тохиолдол үүсээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүх даатгалын тохиолдол үүссэн даатгалын гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн боловч хохирлын хэмжээг буруу тодорхойлсон, Даатгалын тохиолдлоос үүдэн даатгалын зүйлийг дахин ашиглах боломжгүй болсон буюу бүрэн сүйрсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй учир 200 сая төгрөгөөр хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, 24 сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна, нэхэмжлэгч нь үерийн усанд автсаны улмаас машинд учирсан эвдрэл гэмтлийг цаашид засварлуулах шаардлагатай гэж үзэх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул даатгалын нөхөн төлбөрийг бодит хохирол болох 24 сая төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй гэх дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх: Даатгалын тохиолдол бий болсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Талуудын байгуулсан гэрээний 5-д зааснаар даатгалын зүйл 90 хувиас дээш гэмтэлтэй байвал түүнийг бүрэн сүйрсэн гэж үзэхээр тохиролцсон. Иймд даатгалын гэрээнд заасан 200 сая төгрөгийн нөхөн төлбөрийг бүрэн гаргуулах үндэслэлтэй ч автомашиныг бусдад 60 сая төгрөгөөр худалдсан тул энэ дүнг хасаж, нэхэмжлэлээс 140 сая төгрөгийг хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
АДМИН






Нийгэм





