Dark Light
Нийгэм | 2026-06-02

24.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТӨСӨВ ТАТАГДАХ НӨХЦӨЛ ҮҮСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн сайдын 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмжийн төсөл, арга хэмжээнд 60.6 тэрбум төгрөг батлагдсан. 
Гэвч Эрүүл мэндийн яамны тендер зарлагдсан өдрөөсөө л зарим оролцогч компанид давуу эрх олгосон байж болзошгүй гэсэн хардалтыг дагуулсан. Учир нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан техникийн тодорхойлолтыг зарим оролцогч байгууллагаас ирүүлсэн саналын дагуу тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг өөрчилсөн тодруулгын хариу tender.gov.mn цахим системд нийтэлснийг харж болно. Уг нь Эрүүл мэндийн сайдын тушаалыг өөрчлөх эрх нь тухайн сайдад л байдаг.  
Мөн тендерийн баримт бичигт шаардсан тоног төхөөрөмж хүлээлцсэн актын оронд Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Мөнхцэцэг нь оролцогч байгууллагад албан тушаалаа ашиглан “тоног төхөөрөмж нийлүүлж байгаа” гэсэн утга бүхий тодорхойлолт гаргаж өгсөн нь өрсөлдөөнийг хязгаарлан, хамаарал бүхий этгээдэд давуу эрх олгож байна. Эрүүл мэндийн яамнаас гарч буй тушаал, шийдвэр, акт зэрэг захиргааны актыг зарим нэг газар, хэлстийн даргын гарын үсэгтэй албан бичгээр өөрчлөгдөх хэмжээнд хүрээд байна.
Төрийн худалдан авах ажиллагааны газарт зохион байгуулсан уг тендерүүд нь нэлээн будилаантай болсны бас нэгэн илрэл нь 16 төсөл арга хэмжээний 68 багц тендерт давхардсан тоогоор 40 гаруй гомдлыг тендерт оролцогчдоос гаргасан нь урд өмнө байгаагүй олон гомдол гарч Эрүүл мэндийн яамны төлөвлөгөөт худалдан авах ажил хугацаандаа амжихгүй нөхцөл бүрдээд байна. 
Уг тендерийн үнэлгээний хороонд захиалагч талыг төлөөлөн Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Хүрэлбаатар оролцон, үнэлгээ хийсэн. 
Үнэлгээ хийхдээ өөрийн яриа тохироо хийсэн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг байгууллагуудаа тендерт шалгаруулсан гэхэд хилсдэхгүй. Улмаар Н.Хүрэлбаатартай гар бариагүй, шударгаар өрсөлдөх гэж үзсэн байгууллагууд нь хуульд заасны дагуу Сангийн яаманд 40 гаруй гомдол гаргасан байна. 
Гомдогч байгууллагууд нь техникийн тодорхойлолтын дагуу үнэлээгүй, ирүүлсэн материалыг ирүүлээгүй гэх зэрэг гомдлыг гаргаад Сангийн яам ч гомдол үндэслэлтэй гэсэн хариуг Төрийн худалдан авах ажиллагааны газарт, үнэлгээний хороонд хүргүүлсээр байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ нь тухайн оны 06 дугаар сарын 01-нээс өмнө гэрээ байгуулсан байх ёстой байдаг ба гэрээ байгуулж чадаагүй бол Улсын төсвийн хэмнэлтэд тооцон, татан төвлөрүүлэх заалттай. Уг заалтын дагуу дээр дурдсан 40-өөд гомдлын 24.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн төсөв татагдах нөхцөл үүсээд байна. 
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 52.4.Захиалагч, түүнийг төлөөлөх ажилтан, албан тушаалтан болон үнэлгээний хорооны гишүүн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар энэ хуульд зааснаас бусад үндэслэл, журмаар сонирхогч этгээд, оролцогч болон тэдгээрийг төлөөлж байгаа аливаа этгээдтэй уулзах, холбоо тогтоохыг хориглоно гэж заасныг Н.Хүрэлбаатар нь илтэд зөрчин Сангийн яаманд гомдол гаргасан байгууллагуудыг гомдлоо тат гэсэн дарамт, шахалтыг үзүүлсэн байна. 
 2026 оны 05 сарын 29-ний өдөр тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтнээр гомдол гаргасан байгууллагуудыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга уулзана хэмээн Эрүүл мэндийн яаманд дуудаж, өөрийн өрөөндөө хурал хийн, дахин гомдлоо тат гэсэн дарамт, шахалтыг тулгасан байна. Та бүхнийг гомдлоо татвал шууд гэрээгээ байгуулах гээд байна гэх шахалтыг үзүүлэн хэд хэдэн байгууллагын гомдлыг татуулсан гэх мэдээлэл байна. 
Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Хүрэлбаатар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 52 дугаар зүйлийг бүрэн зөрчөөд байна. Тус хуулийн 61.4-д заасны дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх ёстой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10