Монголын хөдөө нутагт ганц бие эрчүүд олширч буй тухай асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татах болов. Зарим нь үүнийг хувь хүний сонголт мэтээр тайлбарлахыг оролддог. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол нийгэм, боловсрол, дэд бүтэц, хүн ам зүйн бодлогын олон жилийн алдааны үр дүн юм.
1990 оноос хойш Монгол Улсад хүн амын шилжилт хөдөлгөөн бараг нэг чиглэлтэй болсон. Хөдөөнөөс хот руу. Үүнийг хүмүүсийн хүсэл сонирхол гэхээсээ илүү дэд бүтцийн ялгаа тодорхойлсон. Зам, сургууль, эмнэлэг, ажлын байр, соёлын үйлчилгээ бүгд хотод төвлөрөхийн хэрээр хүн ч хот руу тэмүүлэхээс аргагүй болсон.
Гэвч асуудлын хамгийн эмзэг хэсэг нь боловсролын тогтолцоо. Өнөөдөр Монголын их, дээд сургуулиудын бараг бүхэлдээ Улаанбаатарт төвлөрч байна. Үүний үр дүнд орон нутгийн чадварлаг залуус сурахын тулд хотод ирдэг ч төгсөөд буцаж очдоггүй. Хот боловсон хүчнийг татаж авч байгаа болохоос орон нутагт буцааж түгээж чадахгүй байна.
Үүн дээр зах зээлийн шилжилтийн үеийн өөр нэг үзэгдэл давхар нөлөөлсөн. Мал хувьчлалын дараа олон айл хөдөлмөрийн хэрэгцээгээ хангахын тулд хүүхдүүдээ сургуулиас гаргаж, мал дээр үлдээсэн. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдийн сургууль завсардалт өндөр байв. Ингэснээр боловсролын тогтолцооноос эрт гарсан нэгэн үеийнхэн өнөөдөр хөдөө үлдсэн томоохон бүлгийг бүрдүүлж байна.
Статистикийн мэдээлэл ч үүнийг нотолдог. Мал аж ахуйн салбарт бүх насны ангиллаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ илүү байна. Өөрөөр хэлбэл, хот эмэгтэйчүүдийг татаж, хөдөө эрэгтэйчүүдийг үлдээсэн гэсэн үг.
Эндээс жендерийн тэнцвэргүй байдал үүснэ. Сургуулиа төгссөн эмэгтэйчүүдийн дийлэнх нь хотод үлддэг. Харин боловсролын боломж бага хүртсэн эрэгтэйчүүд орон нутагт үлддэг. Үр дүнд нь хөдөө гэр бүл зохиох боломж хумигдаж, ганц бие эрчүүдийн тоо өссөөр байна.
Асуудал үүгээр дуусахгүй. Зарим судалгаанаас харахад элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтад хэт төвлөрсөн үнэлгээний тогтолцоо нь багш нарыг зөвхөн өндөр оноо авах магадлалтай сурагчдад анхаарал хандуулахад хүргэж байна. Үүний сөрөг нөлөө нь эрэгтэй хүүхдүүдийн боловсролын оролцоонд тусах тохиолдол ч гарчээ. Энэ нь цаашдаа орон нутаг дахь боловсролын ялгааг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй.
Хөдөө үлдсэн эрчүүдийг нэг бүлэг гэж харах нь бас өрөөсгөл. Нэг хэсэг нь боловсрол тасалдсан учраас гэр бүл зохиох боломж хумигдсан хүмүүс. Нөгөө хэсэг нь уламжлалт мал аж ахуйгаа үргэлжлүүлэхээр ухамсартайгаар сонгосон залуус. Гурав дахь хэсэг нь хүүхдийн сургуулийн асуудлаас болж гэр бүлээсээ тусдаа амьдрахад хүрсэн малчид. Эдгээр бүлэг бүрийн асуудал өөр учраас шийдэл нь ч өөр байх ёстой.
Өнөөдөр хөдөөний ганц бие эрчүүдийн тухай ярихад хүмүүс ихэвчлэн хувь хүнийг буруутгах өнгө аястай ханддаг. Гэтэл энэ бол хувь хүний биш, төрийн бодлогын асуудал юм. Хотод бүх их сургууль, бүх боломж, бүх үйлчилгээ төвлөрчихөөд байхад хүмүүсийг хөдөө үлд гэж уриалах нь утгагүй.
Монгол Улс өмнө нь иймэрхүү асуудлыг бодлогоор зохицуулж чаддаг байсан туршлагатай. Эрдэнэт хот байгуулагдаж байх үед уул уурхайн үйлдвэртэй зэрэгцүүлэн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах үйлдвэрлэл хөгжүүлж, хүн амын бүтцийг тэнцвэржүүлэхийг зорьж байв. Өөрөөр хэлбэл, асуудлыг зах зээлд даатгалгүйгээр төр бодлогоор зохицуулдаг байсан гэсэн үг.
Харин өнөөдөр хөдөөний залуусын өмнө тулгарч буй бэрхшээл зөвхөн гэр бүл зохиох асуудлаар хязгаарлагдахгүй. Интернэтийн хурд, дижитал үйлчилгээ, боловсролын чанар, эрүүл мэндийн хүртээмж зэрэг амьдралын наад захын нөхцөлүүд хот, хөдөөгийн хооронд асар их ялгаатай хэвээр байна. Энэ ялгаа арилахгүй бол хүн амын шилжилт хөдөлгөөн ч зогсохгүй.
Эцсийн дүндээ хөдөөний ганц бие эрчүүдийн асуудал бол гэрлэх хүн олдохгүй байгаа тухай асуудал биш. Харин Монгол Улс хөгжлийн боломжоо нэг хотод төвлөрүүлсний уршгаар үүссэн хүн ам зүйн хямралын илрэл юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






