Бүгд Найрамдах Солонгос Улсын Нажу хотын Гымсон ууланд байрлах, урьд нь мина илрүүлэх ажиллагаа явуулж байсан аюултай бүсээс Солонгосын түүхэн дэх хамгийн эртний галт зэвсэг болох Хванжа Хватон (황자화통) буюу Шар үсэгт бууг археологичид олж илрүүлснээ албан ёсоор зарлалаа. Үндэсний соёлын өвийн судалгааны хүрээлэнгээс гурван жилийн турш нарийвчилсан шинжилгээ хийсний эцэст уг олдворыг Солонгосын хойг дахь хамгийн эртний галт зэвсэг мөн болохыг баталсан байна.

Уг хүрэл буу нь ердөө 25 сантиметр хүрэхгүй урттай, ойролцоогоор 1 килограмм жинтэй бөгөөд зэвсгийн гол зангилаа деталь болох торхон дээр нь 28 тэмдэгт бүхий түүхэн бичээсийг сийлж үлдээжээ. Ялангуяа сийлбэрлэгдсэн 28 үсэг бүхий бичээс нь онцгой анхаарал татаж байна. Уг бичээст энэхүү Хванжа-хватоныг Жонса жилийн 12 дугаар сард үйлдвэрлэсэн бөгөөд жин нь 1 гын, 14 рян болохыг заажээ. Мөн хариуцагч нь Нокса буюу бичээч Ан Хю-бо, харин дархан нь Сок гэдэг хүн байсныг хадгалан үлдээсэн байна. Энэхүү мэдээлэлд үндэслэн судлаачид уг зэвсгийг Горё улсын сүүл үе буюу 1377 онд, эсвэл Чосон улсын Сэжон хааны үе буюу 1437 онд үйлдвэрлэсэн гэж таамаглаж байгаа юм. Хэрэв 1377 он бол Горё улсын Ү хааны үед хамаарах бөгөөд энэ үед Чой Мү-соны санаачилгаар Хватон-догам буюу Дарьт зэвсгийн албаг байгуулж байжээ. Харин 1437 он нь Сэжон хааны удирдлага дор дарьт зэвсгийн салбарт шинэчлэл идэвхтэй хийгдэж байсан алтан үе юм.

Судалгааны хүрээлэнгийн албаны хүний тайлбарлаж буйгаар одоогоор үүнийг 1377 онд эсвэл 1437 онд үйлдвэрлэсэн эсэхийг эргэлзээгүй тогтооход хангалттай харьцуулах мэдээлэл байхгүй ч энэ нь Солонгос улсын нутаг дэвсгэрээс олдсон дарьт зэвсгийн хамгийн эртний олдвор мөн гэдэг нь тодорхой байна. Түүнчлэн энэхүү олдвор нь дарьт зэвсгийн эрт үеийн түүхийг ойлгоход чухал ач холбогдолтой тул тэд уг зэвсгийг Улсын Үндэсний эрдэнэсээр бүртгүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Рентген болон металлургийн задлан шинжилгээгээр уг гар их бууг зэс, тугалга, цагаан тугалганы уламжлалт хүрлийн хайлшаар цутгасан бөгөөд цагаан тугалганы хэмжээг 10 хувиас доош хатуу барьж цутгасан нь дотоод тэсрэлтийн асар өндөр даралтыг тэсвэрлэж, бууны торхыг хагарч бутрахаас хамгаалсан нарийн инженерийн шийдэл байсан аж. Энэхүү түүхэн ховор олдворыг Сөүл хотын Солонгосын Үндэсний ордон музейд 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлэхээр тусгай үзэсгэлэн гаргаад байна.
ТАТАР МАЙДАР




Урлаг соёл



