Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн явцтай танилцаж байна. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны агуулах барих төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр,
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2024-2028 оны хугацаанд шатахууны нөөц хадгалах агуулах савны хэмжээг нэмэгдүүлж хүчин чадлаа өсгөх зорилт тавьсан. Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ч хэрэгжиж байгаагүй уг зорилт нь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын үед бодитоор хэрэгжиж байна. Үндсэндээ 30 гаруй жил ажил хэрэг болж чадаагүй ажил юм.
Бид өнөөдөр “Тэс Петролиум” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь шатахуун агуулах савны төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн шатахууны нөөц агуулах савны хэмжээ өмнө нь 4400 м/кубийн хүчин чадалтай байсныг нэмэгдүүлж 14.4 м/кубийн хүчин чадалтай боллоо. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн хэрэгцээний хүчин чадал 30 хувиар өсөж байна. Мөн Сэлэнгэ, Булган, Дархан Уул, Төв аймгийн шатахууны хэрэгцээг хангахад илүү нөөц хүчин чадалтай болж байгаа юм. Өмнө нь, Дархан Уул аймаг зөвхөн төвийн бүсийн хойд хэсгийг хариуцаж ажилладаг байсан бол Улаанбаатар хотод шатахууны дутагдал үүссэн үед нөхөх хүчин чадалтай болж байгаа юм.
Энэ жилдээ багтаан улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг хадгалах хэмжээний хүчин чадлыг нэмэгдүүлэхээр зорьж байна. Улсын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгжийн 22 шатахуун агуулах сав барих ажил хийгдэж байна. Стратегийн гол байрлал болох Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Баян-Өлгий зэрэг аймагт шатахуун агуулах савтай болж хүчин чадлаа нэмэгдүүлснээр шатахууны үнийн өсөлтийг бууруулах, түр хугацааны доголдол үүсэх, тасалдалттай холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой.
АДМИН



Нийгэм





