Dark Light
Эдийн засаг | 2026-09-23

MICHELIN KEY ҮНЭЛГЭЭ ХҮРТСЭН АНХНЫ МОНГОЛЫН ЗОЧИД БУУДАЛ ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Аян Залаат ресторан, зочид буудлын салбарын дэлхийн дээд чанарын илэрхийлэл болох MICHELIN Key буюу Мишлений түлхүүр үнэлгээг хүртсэн Монгол Улсын анхны зочид буудал боллоо. Зочид буудлуудад олгодог энэхүү үнэлгээ нь ресторануудын хүртдэг алдартай MICHELIN Star буюу Мишлений одтой яг ижил зэрэглэлийн, дэлхийн зочлох үйлчилгээний салбарын хамгийн нэр хүндтэй дээд шагнал юм. Хоёр мянга хорин зургаан оны шинэчилсэн шалгаруулалтаар Монгол Улс энэхүү нэр хүндтэй жагсаалтад анх удаа албан ёсоор багтсан бөгөөд Аяан Залаат уг үнэлгээг авснаар Монголын аялал жуулчлалын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна.

Шинжээч жирийн зочны дүрээр зочид буудалд нууцаар байрлаж өөрийн дүгнэлтээ хийдгээрээ MICHELIN Key үнэлгээний утга учир оршдог. Өөрөөр хэлбэл MICHELIN-ий мэргэжлийн шинжээчид ямар нэгэн төлбөр хураамж, гишүүнчлэл харахгүйгээр, зочид буудалд биечлэн нууцаар байрлаж үйлчилгээ, тав тух, архитектурын шийдлийг нь үнэлдэг бөгөөд байршил, бүтэц, экстерьер болон интерьерийн өвөрмөц шийдлийг давхар хардагаараа онцлогтой.

Forbes болон Michelin Guide-д онцолсноор Аяан Залаат зочид буудлын гол давуу тал нь түүний байршил болон дээд зэрэглэлийн цогц үйлчилгээ юм. Тус буудал Улаанбаатар хотын өмнөд хэсэгт, Богдхан уулын дархан цаазат бүсийн бэлд арван гурван аравны найман гектар хувийн эзэмшил газарт байрладаг бөгөөд хоттой ойр хэрнээ байгалийн тайван амгалан орчныг бүрэн бүрдүүлсэн гэж үнэлэгджээ. Түүнчлэн дээд зэрэглэлийн гучин хоёр өрөө, спа, дотор усан бассейн, хувийн кино театр, хоёр замтай боулинг зэрэг амралтын иж бүрэн дэд бүтэцтэй.

Үүнээс гадна Монголд урьд өмнө байгаагүй өргөн сонголттой, амбицлаг гастрономи буюу хоолны соёлыг энд бүрдүүлж, нийт арван ресторан, лоунжоор үйлчилж байна. Үүнд гар аргаар хийсэн пастагаар үйлчилдэг Итали ресторан, шинэ загасаар үйлчилдэг теппаняки бүхий Япон ресторан, орчин үеийн шийдэлтэй Хятад гал тогоо, жинхэнэ Стейкхаус болон Европын болон Өмнөд Америкийн дарсны баялаг цуглуулга бүхий зоорь багтдаг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар тус зочид буудлыг Монголын Алт буюу МАК компани хөгжүүлж, ажиллуулж байгаа бөгөөд дэлхийн шилдэг зочид буудлуудын нэгдэл болох The Leading Hotels of the World сүлжээний Монгол дахь цорын ганц гишүүн буудал юм. Энэхүү түүхэн үйл явдал нь Монголын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг олон улсын тавцанд шинэ шатанд гаргаж буй томоохон алхам болж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19