Цагдаагийн байгууллагын Экологийн цагдаагийн албанаас (ЭЦА) холбогдох яамдтай хамтран Монгол Улсын Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн албан даалгаврын дагуу хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, ялангуяа хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, нөхөн сэргээлтэд хяналт тавих чиглэлээр шаталсан ажиллагаануудыг өрнүүлж байна.
Энэхүү хяналт шалгалтыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран Сэлэнгэ (Ерөө сум, Бугант тосгон), Төв, Булган, Архангай зэрэг ашигт малтмалын зөрчил ихээр бүртгэгддэг аймаг, бүс нутгуудад онцгойлон явуулж байна.
Үндсэн үзүүлэлт ба шалгалтын үр дүн:
-
Гэмт хэргийн илрүүлэлт өсөв: 2026 оны эхний хагас жилийн байдлаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн илрүүлэлт, хяналт шалгалт урьд оны мөн үетэй харьцуулахад 25.9 хувиар (61 нэгжээр) өссөн дүнтэй байна.
-
Хууль бус олборлолт зонхилж байна: Нийт бүртгэгдэж буй хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 69-70 орчим хувийг тусгай зөвшөөрөлгүй болон нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлох хэргүүд эзэлж байна.
-
Шүүх, прокурорт шилжүүлсэн байдал: Илрүүлэлтийн түвшин 61 орчим хувьтай байгаа бөгөөд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 51.6 хувийг эхний хагас жилд шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
-
Баяр, амралтын өдрүүдийн хяналт: Баяр наадмын өдрүүдэд бартаа саад ихтэй бүс нутгуудад шалгалтыг эрчимжүүлж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 15 үйлдэл, байгаль экологид хохирол учруулсан нийт 44 үйлдлийг илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Мөн 7 дугаар сарын 1-нээс 16-ны өдрүүдэд орон нутагт 14 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг газар дээр нь таслан зогсоожээ.
Байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас улсын хэмжээнд эвдэгдсэн 31,000 гаруй талбайн тооллого хийснээс 8,000 га талбайг нөхөн сэргээх зорилт тавьж, улмаар 9,000 гаруй га талбайг нөхөн сэргээгээд байна. Эвдэгдсэн газрын 1,800 гаруй га нь гар аргаар олборлогчдын, 4,600 орчим га нь уул уурхайн орхигдсон талбайнууд байна.
Драгон төвд болсон ослын талаар:
Иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ирүүлж буй санал, шүүмжлэл, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага цаг алдалгүй шалгалтын ажиллагаа явуулж байгааг тэмдэглэв.
Үүний хамт, мөрдөн шалгах ажиллагааны нууц болон хэрэгтэй холбоотой нотлох баримт, бичлэгийг цахим орчинд хуурамч хаягаас хууль бусаар олон нийтэд цацах нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлагатайг анхааруулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг мэдэгдлээ.


Нийгэм





