ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны туршилтын санаачилга болох “Покровский” карбон полигоны ажлын хэсэг нүүрстөрөгчийн мониторинг болон карбон фермийн (нүүрстөрөгчийн тариалан) технологио Монгол Улсын түншүүдэд шилжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад бэлэн байгаагаа зарлалаа. Энэхүү мэдэгдэл нь Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр гарсан байна.
Карбон полигонууд нь хотжоогүй бүс нутгуудад хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, хянах, баталгаажуулах (MRV тогтолцоо) болон нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх дэвшсэн технологиудыг хөгжүүлж, турших зориулалттай тусгай талбай юм. ОХУ-ын Калуга мужид байрладаг тус полигоны үндсэн чиглэл нь бэлчээр, цөл, нугын экосистемийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын системийг хөгжүүлэхэд оршдог.
Эдийн засаг, стратегийн ач холбогдол:
- Бизнесийн идэвхжлийг бууруулахгүйгээр байгаль орчныг хамгаалах нь: БРИКС-ийн Өрсөлдөөнийг зохицуулах төвийн захирал, “Покровский” карбон полигон төслийн удирдагч Алексей Иванов хэлэхдээ: “Карбон фермийн (Нүүрстөрөгчийн тариалан) эдийн засгийн ач холбогдол өсөн нэмэгдэж байгаа нь бизнесийн болон үйлдвэрлэлийн идэвхжлийг хумихгүйгээр, улмаар нийгэм-эдийн засгийн эрсдэл үүсгэхгүйгээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах цөөн хэдэн оновчтой аргуудын нэг учраас тэр юм” хэмээн онцлов.
- Хятадын хөрөнгийн бирж дээр нүүрстөрөгчийн арилжаа хийх боломж: Ойрын хэдэн жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжих карбон төслүүд (хүлэмжийн хийн шингээлтийг хувьцаажуулах, квот арилжих) Хятадын нүүрстөрөгчийн биржүүд дээр худалдаалагдах боломжтой болох бөгөөд үүнд урьдчилан бэлтгэх шаардлагатайг тэрбээр санууллаа.
- Эдийн засгийн бус активуудыг үнэ цэнтэй хөрөнгө (Asset) болгох нь: Монголын бэлчээрийн дутуу ашиглагдсан, доройтолд орсон нөөц боломжийг карбон фермийн үр ашигтай практикийн тусламжтайгаар өндөр багтаамжтай нүүрстөрөгчийн шингээгч буюу зах зээлийн өндөр үнэлгээ бүхий “үнэ цэнтэй хөрөнгө” болгон хувиргах боломжтой юм.
“Покровский” карбон полигон нь технологио Монгол Улсад шилжүүлснээр Азийн хуурай бүс нутгуудын дагуу нүүрстөрөгчийн мониторинг, бэлчээрийн нөхөн сэргээлт болон карбон фермийн чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эхлэлийг тавина гэж үзэж байна.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




