Бишкек хотноо ШХАБ (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага)-ын дээд хэмжээний уулзалт өндөрлөж, Владивосток хотноо Дорнын эдийн засгийн форум (ВЭФ) эхэлж байна. Энэ удаагийн форумын анхаарлын төвд Алс Дорнодын хөгжил болон хөрш зэргэлдээ Хятад, Монгол Улстай эдийн засаг, тээврийн холбоог бэхжүүлэх асуудал байна. Ялангуяа, эдгээр улсуудыг холбосон цоо шинэ төмөр замын шугам барих асар том төслийн тухай энд яригдах юм.
Энэхүү шинэ коридорыг байгуулах нь Орос болон Азийн орнуудын хувьд яагаад амин чухал асуудал болов? Алс Дорнод бүс нутаг зөвхөн логистикийн зангилаа төдий биш, эдийн засгийн өсөлтийг чирэгч гол хөдөлгүүр (драйвер) болж чадах уу?
"Орос – Монгол – Хятад" гэсэн геополитикийн гурвалжин ямар хувь заяаг хүлээж байна вэ? Орос-Хятадын хамтарсан төслүүдийн ирээдүй хэрхэх вэ, мөн "Сибирийн хүч-2" хийн хоолойн гэрээнд гарын үсэг зурахыг хүлээх хэрэгтэй юу? Монгол Улс болон ЕАЭУ (Евразийн эдийн засгийн холбоо)-ны хооронд байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Оросын талд ямар өөрчлөлт авчрах вэ? Эцэст нь, дорнын аль бүс нутаг хөрөнгө оруулалт татахад хамгийн таатай байна вэ?
Эдгээр болон бусад халуун сэдвийн эргэн тойронд — РБК телевизийн "Таманцев. В итоге" нэвтрүүлгийн шууд эфирээр хэлэлцсэнийг Zogii багцлан хүргэж байна.
Оросын Шинжлэх ухааны академийн доктор А.Железняков болон Тээврийн эдийн засгийн хүрээлэнгийн захирал Т.Кулакова нарын оролцсон тус нэвтрүүлгийн аналитик тоймыг Zogii багцлан хүргэж байна.
Хоёр супер гүрний дундах "Монгол чоно"
Нэвтрүүлгийн үеэр доктор А.Железняков Монгол Улсыг Азийн бар биш, харин өөрсдийгөө нэрлэдэг шиг "Монгол чоно" гэж тодорхойлов. Монгол Улс нь газар нутаг томтой ч хүн ам цөөтэй хэдий ч Хятад болон Оросын соёл иргэншлийн дунд уусалгүй, өөрийн өвөрмөц төрх, үндэсний ижилсэл болон тусгаар тогтнолоо маш ухаалагаар хамгаалж, тэнцвэрээ барьж чаддаг дэлхийн цорын ганц ховор феномен гэдгийг тэмдэглэсэн байна.
Өнөөдөр Монгол Улс Орос, Хятад хоёрын дунд транзит тээвэр хийж ашгаа 10 дахин нэмэгдүүлэх зорилготой байгаа бөгөөд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг аль алинаас нь, тэр дундаа барууны орнуудаас ч (Франц, Канад гэх мэт ураны болон зэсийн компаниуд) татахаас айдаггүй прагматик бодлого барьж байна гэлээ.
Транс-Монголын төмөр замын логистик ба "Дисбаланс"
Тээврийн шинжээч Т.Кулакова одоогийн тээвэр логистикийн нөхцөл байдлыг техникийн өнцгөөс дараах байдлаар тайлбарлав:
- Ачаалал бууруулах гол гарц: Олон улсын геополитикийн нөхцөл байдал, барууны хориг болон далайн тээврийн стандарт маршрутуудад үүссэн хүндрэлээс шалтгаалж хуурай замын тээвэр асар их эрэлттэй болсон. Оросын хувьд Дорнод чиглэл (Восточный полигон) болон далайн боомтууд, мөн Казахстаны төмөр замын шугамууд ачааллаа дийлэхээ байж, ачаа тээвэр гацдаг болоод байгааг ч хэлээд авав. Энэ үед Транс-Монголын төмөр зам (УБТЗ) нь Оросоос Хятад руу, цаашлаад Азийн орнууд руу ачаа гаргах хамгийн гол нөөц бөгөөд ачаалал бууруулах гол гарц болж байгааг тэмдэглэлээ.
- Техникийн сул талууд: Транс-Монголын маршрутын хамгийн том техникийн асуудал нь Орос-Монголын өргөн цариг (1520 мм) болон Хятадын нарийн царигийн (1435 мм) зөрүү юм. Хил дээр ачааг нэг царигаас нөгөө рүү шилжүүлэн ачих үйл явц нь тээврийн өртгийг шууд нэмэгдүүлдэг гэдгийг онцоллоо. Үүнээс гадна Монголын төмөр зам нь нэг л царигтай, түүнчлэн цахилгаанжуулалт хийгдээгүй байгаа нь нэвтрүүлэх чадварыг хязгаарлаж байгааг хэлэв.
- Худалдааны асар том зөрүү: Орос, Монголын худалдааны эргэлт 3 тэрбум ам.долларт дөхсөн ч үүний 97%-ийг Оросын экспорт (ялангуяа 96% нь бензин, дизель түлш) эзэлж байна. Монголоос Орос руу гарах экспорт 1990-ээд онд Оросын талаас тавьсан өндөр татвараас болж зогссоныг ч нуусангүй.
Кызыл-Курагино төмөр замын шинэ төсөл
Нэвтрүүлгээр Монголын газар нутгаар дамжин Хятад руу гарах цоо шинэ төмөр замын коридорын тухай ярилаа. Энэ нь Оросын Красноярск муж, Тува улсыг (Кызыл) холбож, цааш нь Монголоор дамжуулан Хятад руу гаргах төсөл юм.
Уг төслийг анх 2011 онд эхлүүлсэн ч ердөө 1 км зам тавиад санхүүжилтгүйгээс болж царцаасаныг хэлэв. Харин одоо Дорнын форум дээр үүнийг сэргээж, Монгол болон Хятадын компаниудыг хөрөнгө оруулагчаар татах тухай яригдаж байна. Энэ зам тавигдвал Тува улсын уул уурхайн ордууд эдийн засгийн эргэлтэд орж, Буриад, Өвөрбайгаль, Алтайн хязгаарт логистикийн маш том давуу тал үүснэ гэдгийг онцоллоо.
ЕАЭХ-Монгол Улсын худалдааны түр хэлэлцээр ба үр дүн
2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс Монгол Улс болон ЕАЭУ-ын хооронд Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болсон билээ. Үүний хүрээнд талууд 367 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэсэн буюу бууруулсан.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Оросын Эрхүү муж гэх мэт хил орчмын бүс нутгуудын Монгол руу хийх экспорт шууд 20%-иор өссөн бодит үр дүн гарчээ. Монгол Улсын хувьд энэ хэлэлцээр нь экспортынхоо 89%-ийг гаргадаг Хятад улсаас хамаарах хэт нэг талыг барьсан эдийн засгийн хамаарлаа бууруулах чухал хэрэгсэл болж байна гэв.
ТАТАР МАЙДАР






Нийгэм



