Dark Light
Нийгэм | 2026-10-05

ДЭЛХИЙД ГАРАХ ДАРААГИЙН ХАМТЛАГ “ДОТОР ХҮРЭЭ”

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Дотор Хүрээ: "Бид орчин үеийн хөгжмийн зэмсгээр монгол аялгуу цуурайтуулахыг хүснэ"

2023 онд Улаанбаатар хотод байгуулагдсан "Дотор Хүрээ" хамтлаг нь Монголын хөгжмийн уламжлалыг авангард-поп, жазз, рок болон орчин үеийн бусад чиглэлтэй хослуулдаг. Тус хамтлаг шинэ EP (богино хэмжээний) цомог, Улаанбаатар хотын хараат бус (инди) хөгжмийн ертөнц болон өнөө цагт "Монгол хөгжим" хийнэ гэдэг нь юу гэсэн үг болох талаар тэдэнтэй Novastan-ы ерөнхий редактор Матью Лемойн ярилцжээ.

Сүүлийн жилүүдэд Монголын хөгжим олон улсын тавцанд улам бүр танигдаж байгаа ч хилийн чанадад энэ нь ихэвчлэн морин хуур, хөөмий зэрэг шууд танигдах уламжлалт хэлбэрүүдтэй холбогдсоор байна.

Улаанбаатарын "Дотор Хүрээ" хамтлаг харин өөр замыг эрэлхийлэх болжээ.2023 оны 4 дүгээр сард Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль (СУИС)-д танилцсан хөгжимчид хамтран энэхүү хамтлагийг байгуулсан аж. Тэд өөрсдийн хөгжмийг авангард-поп, пост-этно, поли-жанр (олон урсгалын холимог) хэмээн тодорхойлдог. Хамтлагийн гишүүд Монгол ардын уртын дуу, бүс нутгийн ардын аман зохиол, морин хуур зэрэг хөгжмийн зэмсгийн хэллэгийг судалж, эдгээр нөлөөгөө голчлон орчин үеийн хөгжмийн зэмсгүүдээр дамжуулан илэрхийлдэг байна.

Хамтлаг анхны бүрэн хэмжээний "Заримдаа зүйлс" цомгоо 2025 оны 9 дүгээр сард гаргасан бол араас нь 2026 оны 5 дугаар сард хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн "Дотор Хүрээ" нэртэй EP цомгоо толилуулжээ. Сүүлийн цомог нь тэднийг уламжлалт хөгжмийн зэмсгийг шууд ашиглахгүйгээр, өвөрмөц монгол аялгууг гаргаж авах зорилго руу нь илүү дөхүүлсэн байна. 

Novastan сэтгүүл "Дотор Хүрээ" хамтлагийнхантай Монгол хөгжмийн онцлог, туршилт, Улаанбаатарын инди ертөнц болон Монголоос гадна дэлхийд гарах амбицынх нь талаар ярилцлаа. 

Novastan: Та нарыг анх удаа сонсож байгаа уншигчдад "Дотор Хүрээ"-г танилцуулна уу? Хамтлаг хэрхэн байгуулагдсан бэ, юу та нарыг өнөөдрийн энэ хөгжмийн урсгал руу хөтлөв?

Мандаа (Mandaa): "Дотор Хүрээ" хамтлаг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан. Нийт зургаан хөгжимчин, хоёр арын албаны гишүүн (хамтлагийн менежер, дууны инженер) нийлээд наймуулаа ажилладаг. Бид авангард-поп, пост-этно, поли-жанр чиглэлийн хамтлаг юм. 

Хамтлагийг анх манай басс гитарчин Гомбожав бид хоёр (би даралтат хөгжимчин Нармандах) санаачлан байгуулж байлаа. Түүний дараа бусад гишүүд болох гоцлол дуучин Цэцэн, гитарчин Оргил, дууны инженер Энхдалай, төгөлдөр хуурч Батзаяа, бөмбөрчин Чүлтэмжамц нар нэгдсэн. Хамгийн сүүлд манай хамтлагийн менежер Оюунтүлхүүр буюу Рокси (Roxy) нэгдсэн юм.

Хамтлагийн гишүүд бүгд СУИС-д танилцсан, өмнө нь ч найзууд байсан хүмүүс байдаг. 

Өнөөдрийн бидний зорьж буй хөгжмийг хийх гол сэдэл миний бага наснаас эхтэй. Би хөдөө өсөхдөө Монгол уртын дуу, морин хуурт маш их хайртай болсон. Нас ахих тусам тэр хайр минь улам нэмэгдэж, өөрийн хөгжимдөө уламжлалт хөгжмийн элементүүдийг багтаахыг эрмэлзэх болсон юм. Хамтлагаа байгуулсны дараа би бусаддаа ямар төрлийн монгол хөгжим хийхийг хүсэж байгаагаа хэлэхэд бүгд маш урам зоригтой хүлээж авсан. Үүнээс л "Дотор Хүрээ"-ний өнөөгийн өнгө аясын үндэс тавигдсан даа. 

Бас нэг чухал хүчин зүйл бол манай их сургуулийн багш нар байсан. Тэд бидэнд Монгол хөгжмийн үндэс язгуураас холдохгүй байхыг уриалж, түүнийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь чухал гэдгийг үргэлж захиж, урамшуулдаг байсан нь бидний сэтгэлд гүн үлдсэн юм. 

 

Novastan: Надад хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл бол та бүхэн голчлон орчин үеийн барууны хөгжмийн зэмсэг ашиглаж байгаа хэрнээ хөгжим чинь яах аргагүй монгол сонсогддог. "Монгол" аялгууг бүтээх тал дээр та нар хэр ухамсартайгаар ханддаг вэ?

Мандаа: Энэ бол яах аргагүй маш ухамсартай шийдвэр. Бид бүгд Монгол хөгжимд маш их хайртай учраас уламжлалт зэмсэг ашиглахгүйгээр хөгжмийн өнгө аясаа монгол болгох бүрэн боломжтой гэдэгт бат итгэдэг. 

Тийм ч учраас бид бэлтгэлийнхээ ихэнх цагийг үүнд хэрхэн хүрэх вэ гэдэг шинэ санаа олоход зарцуулдаг. Дууны санааг ихэвчлэн би гаргаж, тэндээсээ баг болон хамтран ажиллаж, найруулга болон хөгжмийн тембрүүдийг орчин үеийн зэмсгээр монгол дуугаралттай болгох ерөнхий зорилгын дор ярилцдаг. Энэхүү зорилго маань одоо бага багаар амилж байна гэж санагддаг. Та үүнийг анзаарсанд бид маш их баяртай байна. 

 

Novastan: Монголын ямар хөгжмийн уламжлал, хуучны дуу эсвэл аялгуу "Дотор Хүрээ"-д хамгийн хүчтэй нөлөөлсөн бэ? Хуучны эсвэл уламжлалт бүтээлийг шинэчлэн найруулахдаа юуг хэвээр үлдээж, юуг өөрчлөхөө хэрхэн шийддэг вэ?

Гомбоо (Gomboo): Монголын маш олон хөгжмийн уламжлал бидэнд нөлөөлдөг. Уртын дуу, морин хуур нь өөрөө маш олон төрөл зүйлтэй. Техник, дуугаралт нь бүс нутгаасаа хамаараад өөр өөр байдаг: Монголын баруун хязгаарын нутгууд маш өвөрмөц дуу авиатай байхад, Говийн аймгууд дахиад өөр өнгөтэй байх жишээтэй. Энэ нь үргэлж урам зориг өгдөг. Бидний хэд хэдэн дуунд Монгол ардын дуу, уртын дууны эдгээр нарийн хэмнэл туссан байдаг.

Жишээлбэл, "Ширээ нуур" ардын дууг шинэчлэн найруулахдаа бид түүнийг эх хувилбараас нь огт өөр сонсогдохоор болгосон. Үгийг нь богиносгож, зөвхөн эхний хоёр мөрийг ашиглаад, үлдсэн орон зайг сонсогчийн өөрийнх нь төсөөлөлд үлдээсэн. Энэ дууны вокалын өргөлт нь манай эмэгтэй дуучны хоолойны өнгөтэй гайхалтай зохицсон юм. Бид уламжлалыг шууд хуулах биш, өөрсдийн дахин давтагдашгүй хөгжмийн хэлээр илэрхийлэхийг хүссэн.

Novastan: Та бүхний хамгийн сүүлийн үеийн EP цомгийн талаар яриач? Дуунуудыг ямар санаа нэгтгэж байгаа вэ, энэ нь өмнөх бүтээлүүдээс чинь юугаараа ялгаатай вэ?

Гомбоо: Уламжлалт вокалын хэв маяг, монгол мэдрэмжийг ашиглахын зэрэгцээ өөрсдийн орчин үеийн элементүүдийг нэмж хөгжим хийх нь бидэнд үргэлж сонирхолтой байдаг. Энэ төрлийн хөгжмийг хийж байх үед бидний дотор ямар нэгэн зүйл сэрж байгаа мэт мэдрэмж төрдөг.

Үнэндээ "Дотор Хүрээ" EP цомгийг "бидний сэргэсэн сүнслэг чанар" гэж тодорхойлж болно. Энэхүү EP-ээр дамжуулан бид өөрсдийн "Заримдаа зүйлс" LP цомогтой харьцуулахад үндэсний соёл, өв уламжлалтайгаа холбогдох холбоо хамаарлаа илүү хүчтэй илэрхийлсэн бөгөөд энэ нь үргэлж бидний зүрх сэтгэлд ойр байдаг зүйл юм. 

Рокси: Манай анхны бүрэн хэмжээний цомог болох "Заримдаа зүйлс" дээр хамтлаг жазз фьюшн, босса нова зэрэг илүү өргөн хүрээний урсгалуудыг туршиж үзсэн тул илүү поли-жанр шинжтэй байсан. Харин "Дотор Хүрээ" EP дээр хамтлаг анхны цомгийн "Ширээ нуур", "Эртний сайхан" зэрэг дуунуудаас эхэлсэн анхны санаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлсэн. Үндсэндээ энэ нь "Дотор Хүрээ"-ний өвөрмөц мэдрэмжээр дамжуулан монгол дуугаралтыг бүтээх тухай байсан юм.

Novastan: Энэхүү EP цомогт "Дотор Хүрээ"-ний хөгжмийн чиг хандлагыг хамгийн сайн төлөөлж чадах ямар нэгэн тодорхой дуу байгаа юу? Тэр дуу хэрхэн бүтсэн талаар ярьж өгөөч?

Мандаа: EP-ийн дуу бүр бидний ирээдүйн хөгжмийн чиг хандлагыг илэрхийлдэг ч, ялангуяа цомгийн удиртгал болох "Эргэн дөрвөн" (Ergen Dervene) дууг онцолно. Энэ дуунд Монгол хөгжмийн уламжлалын олон элемент, тухайлбал ардын дууны хэсэг, зан үйлийн уншлага, биелгээний хэмнэл, тойрон бүжиглэх мотивууд багтсан байдаг.

Дууны үгийг дуучин Цэцэн, даралтат хөгжимчин Нармандах нар хамтран бичиж, аялгууг нь эцэслэн гаргасан бөгөөд бүтээл дээр хамтлагаараа хамтран ажилласан. Энэ нь вокал руу чиглэсэн зохиомж бөгөөд дуучны хоолой гол үүргийг гүйцэтгэж, бусад хөгжмийн зэмсгүүд нь төв аялгууг дэмждэг.

Рокси: Бид саяхан ном болон киноны орчуулагч, манай найз Өнөржаргалын тусламжтайгаар энэ дууны үгийг англи хэл рүү орчуулах маш бүтээлч төслийг дуусгасан. Түүний орчуулга гадаадын сонсогчдод дууны утгыг илүү гүнзгий ойлгоход туслах байх. Тэр дууны нэрийг "Spreading Wings" (Далавчаа дэлгэхүй) гэж орчуулсан.

Бидний өөр нэг дуртай бүтээл бол "Нарийн сайхан хээр" (Nariin Saihan Heer). Дууны үг нь яг ижил нэртэй Монгол ардын дуунаас авсан боловч хөгжим нь бүхэлдээ "Дотор Хүрээ"-ний шинэ зохиомж юм. Дууны нэр нь "The Fine Bay Horse" гэж буух ч утга нь үүнээс хамаагүй гүнзгий байдаг.

Novastan: Монголоос гадна гадаадын улсуудад "Монгол хөгжим" гэхээр заавал морин хуур, хөөмий байх ёстой мэт хүлээлт үүсдэг. Олон улсын үзэгчид Монгол хөгжмийг хэтэрхий явцуу хүрээнд төсөөлдөг гэж танд санагддаг уу?

Рокси: Би үүнийг явцуу гэхээсээ илүү магадгүй жаахан "хуучирсан" төсөөлөл гэж хэлнэ. Учир нь морин хуур, хөөмийг өөрийг нь маш олон төрлийн туршилтын хэлбэрээр ашиглаж болох бөгөөд харамсалтай нь одоогоор тийм зүйл их хийгдэхгүй байна. Уран бүтээлч хүний хувьд сонсогчдод тэдний хэзээ ч хүлээж байгаагүй цоо шинэ зүйлийг өгөх нь үргэлж чухал байдаг.

Novastan: Өнөөдөр Улаанбаатар хотын хараат бус (инди) хөгжмийн ертөнц ямар байна вэ? Альтернатив хөгжим хөгжихөд ямар нэгэн тодорхой газрууд, наадмууд, студи, эсвэл хамт олон чухал үүрэг гүйцэтгэж байна вэ?

Мандаа: Улаанбаатар хот жижиг ч гэсэн маш идэвхтэй инди хөгжмийн ертөнцтэй. NarBar Live House, Fat Cat Jazz Club, 78 MusicBar зэрэг амьд хөгжмийн газрууд, Playtime шиг наадмууд, Sonsloo (Сонслоо) шиг хөгжмийн сонирхогчдын нэгдэл, мөн Aydu Records зэрэг лэйблүүд бүгд орчин үеийн хөгжмийн дуугаралтыг түгээхэд хувь нэмрээ оруулж байна.

Novastan: Өнөөгийн Улаанбаатар хотыг тодорхойлох орчин үеийн дуугаралт, хөгжмийн дүр төрх бүрэлдэн бий болж байна уу, эсвэл энэ ертөнц хэтэрхий олон янз байна уу?

Мандаа: Сүүлийн жилүүдэд хөгжмийн орчин маш олон янз, баялаг болсон тул тэр дуугаралтыг ганц нэгхэн үгээр тодорхойлоход хэцүү. Уран бүтээлчид бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Миний бодлоор, хөгжмийн аялгуунаас үл хамааран дууны үг нь үргэлж хамгийн өвөрмөц хэвээр үлдэх байх. Учир нь Монгол яруу найраг, хэллэгийн гүн гүнзгий утга санааг англи эсвэл бусад хэл рүү анхны тэр мөн чанараар нь орчуулах маш хэцүү байдаг.

Novastan: Монголд хараат бус (инди) хамтлагийг авч явах хэр хялбар байдаг вэ? Бичлэг хийх, бэлтгэлийн байр, тоглолтын талбай, санхүүжилт, үзэгчдэд хүрэх зэрэг практик тулгардаг гол бэрхшээлүүд юу вэ?

Оргил (Orgil): Мэдээж Монголд хараат бус хамтлаг байна гэдэг тийм ч амар биш. Хамгийн том асуудал бол санхүүгийн тогтвортой байдал юм. Манай хамтлагийн зарим гишүүд хамтлагтаа тоглохын зэрэгцээ өөр газар бүтэн цагаар ажилладаг. Бидний хөгжим хэдийгээр хүмүүст танигдаж, олон сонсогчдод хүрч байгаа ч энэ нь тогтвортой спонсортой болно гэсэн баталгаа болж чаддаггүй.

Акустик болон мониторингийн тохируулга сайн хийгдсэн бэлтгэлийн байр олох нь бас нэгэн байнгын бэрхшээл байдаг тул бид одоо байгаа зүйлээрээ чадах чинээгээрээ хичээж байна. Хэрэв бидэнд хангалттай санхүүжилт байсан бол илүү өндөр чанартай продакшн гаргаж, мэргэжлийн студид бичлэг хийн, илүү олон үзэгчдэд маш хурдан хүрэх боломжтой байх байсан болов уу.

Novastan: Монголын залуу хөгжимчид өмнөх үеийнхнийг бодвол дэлхийн өнцөг булан бүрийн хөгжмийг сонсох боломж нь илүү нээлттэй болсон. Та бүхний уран бүтээлд болон нийт хөгжмийн ертөнцөд олон улсын нөлөө болон орон нутгийн хөгжмийн уламжлал хэрхэн харилцан нөлөөлж байна вэ?

Оргил: Тийм ээ, яг зөв. Бидэнд олон улсын хөгжмийн урсгалууд маш их нөлөөлдөг, бид янз бүрийн хэв маягийг сонсож, судлах дуртай. Манай гишүүдийн ихэнх нь хөгжмийн зохиомж болон хөгжмийн чиглэлээр мэргэжлийн зэрэг хамгаалсан байдаг нь бидний нэг давуу тал байх. Мөн академик болон сонгодог хөгжмийн нөлөө ч бидэнд их бий. 

Гэсэн хэдий ч бид эдгээр арга техникүүдийг эзэмшихийн зэрэгцээ өөрсдийн үндсэн үнэт зүйл болох эх соёл, өв уламжлалаа дээдлэн, түүнийг хөгжүүлэхийг хичээдэг. Энэхүү дундаа уулзах зорилго маань бидний дууг улам бүр өвөрмөц дүр төрхтэй болгож байна гэж би итгэдэг. 

Бидний хувьд Монгол хөгжим нь тайван, уудам, уужуу сэтгэгдэл төрүүлдэг бол барууны хөгжим нь илүү хурц, хөдөлгөөнтэй, гармонийн хувьд нарийн төвөгтэй санагддаг. Монгол уламжлалт хөгжим пентатоник (таван эгшигт) системтэй учраас блюз, рок зэрэг урсгалтай гайхалтай уусдаг. Түүнчлэл жазз, латин болон бусад орчин үеийн хэв маягтай хослуулахад үнэхээр өвөрмөц, уламжлалт бус бүтцийг бий болгодог юм. Цаашид ч бид өөрсдийн өвөрмөц соёлын өвийг түгээхийн зэрэгцээ өөрсдөд маань баяр баясгалан бэлэглэх хөгжмийг бүтээхийн төлөө хичээх болно.

Novastan: Монгол хөгжмийг сонирхох олон улсын сонирхол нэмэгдсэн нь Монголын хөгжимчид өөрсдийгөө хилийн чанадад хэрхэн танилцуулах талаарх сэтгэлгээнд өөрчлөлт оруулсан уу? Гадаадын үзэгчдийн хүлээлт болон залуу уран бүтээлчдийн хийхийг хүсэж буй зүйл хоёрын дунд зөрчил байдаг уу?

Цэцэн (Tsetsen): Тийм ээ, би өөрчлөлт оруулсан гэж бодож байна. Бидний соёл, сэтгэл хөдлөл хөгжмөөр илэрхийлэгдэхдээ яг л уудам тал нутаг шиг маш баялаг, уудам орон зайг тээж байдаг гэдэгт би итгэдэг. Энэхүү мэдрэмжийг олон улсын сонсогчидтой хуваалцаж, Монгол хөгжмийн талаарх хүмүүсийн төсөөллийг шинэчилж байгаа бүх уран бүтээлчдэд бид маш их талархдаг.

Уран бүтээлчдийн туурвиж буй бүтээл, алсын хараа нь үзэгчдийн хүлээлттэй үргэлж нийцдэггүй, заримдаа таарч, заримдаа зөрдөг. Энэ нь угаас үргэлж ийм байсаар ирсэн. Учир нь бүтээл бүр өөр өөр өнцгөөс төрж, өөрийн гэсэн түүхийг агуулдаг. Бидний хувьд өөрсдийн хийхийг хүссэн, өөрсдөө сонсох дуртай хөгжмийг бүтээх нь бидний гол зорилготой яг таардаг: соёлын өвөө өөрсдийн орчин үеийн шинэ мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй уусган хамгаалж үлдэх нь бидний тэмүүлэл юм. 

Novastan: Өнөөдөр Улаанбаатарт хөгжмийн ертөнцөд юу болж байгааг ойлгохыг хүссэн хүнд өөр ямар орчин үеийн эсвэл хараат бус Монгол уран бүтээлчдийг санал болгох вэ?

Хамтлаг: Монголын уран бүтээлчид дэлхийн хөгжмийн чиг хандлагатай хөл нийлүүлэн маш эрчимтэй хөгжиж, олон янз болж байна. Бид дараах уран бүтээлчдийг заавал сонсож үзэхийг зөвлөж байна:

  • Bodikhuu (Бодьхүү)

  • Khusugtun (Хөсөгтөн)

  • B.L.M.D

  • Magnolian

  • Enji

  • Even Tide

  • Celine Dessberg

Novastan: Төгсгөлд нь, "Дотор Хүрээ"-ний дараагийн алхам юу вэ?

Чукана (Chukana): Бидний анхны бүрэн хэмжээний "Заримдаа зүйлс" цомог маань тусгайлан мастеруудыг нь шинэчилсэн дуугаралттайгаар анх удаагаа винил (пянз) хэлбэрээр хэвлэгдэн гарах гэж байгаад маш их догдолж байна. 

Мөн бид анхны бие даасан тоглолтоо хараахан хийж амжаагүй байгаа бөгөөд үүнийг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү чухал алхмуудаар эрч хүч аван, бид цаашдаа олон улсын наадмуудын тайзан дээр гарч, өөрсдийн хөгжмийг дэлхийн үзэгчдэд хүргэхийг зорин ажиллаж байна даа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19