Монгол Улс 2021 онд мод тарих үндэсний кампанит ажлыг эхлүүлснээс хойш улсын хэмжээнд нийт 140 сая мод тариад байгаа тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ням гарагт мэдээллээ.
2030 он гэхэд хамгийн багадаа 1 тэрбум мод тарих зорилготой уг үндэсний аян 2021 оны 10 дугаар сард албан ёсоор эхэлсэн юм. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх улс орныхоо зорилтыг зарлаж байв.
Улсын хэмжээнд мод тарих ажлыг эрчимжүүлэх хүчин чармайлтын хүрээнд Монгол Улс жилд хоёр удаа буюу хавар, намар мод тарих аяныг зохион байгуулж, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалдаг.
Энэ удаагийн намрын мод тарих аян өнгөрсөн долоо хоногт эхэлсэн байна. Бямба гарагт гэхэд 42 байгууллагын 1000 гаруй хүн нийслэл Улаанбаатар хот дахь "Монголын олон улсын цэцэрлэгт хүрээлэн"-д найман төрлийн 3000 мод тарьсан тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд дурджээ.
Мөн мод тарих сонирхолтой иргэд, байгууллагуудад модны суулгац, үрсэлгээ нийлүүлэх үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын 5-наас 18-ны хооронд зохион байгуулагдах аж.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улс ой модоо хортон шавьж, өвчин эмгэг, доройтохоос хамгаалах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Энэ онд 16 аймгийн 2.4 сая га талбайд ойн хортон шавьжийн тархалтыг үнэлэх судалгаа хийхэд 256,500 га талбайд хортон шавьжийн дэгдэлт илэрчээ. Энэхүү үр дүнд үндэслэн агаарын хөлөг, үүргийн шүршигч, гэрлийн урхи, механик арга болон дрон ашиглан 133,500 га талбайд хортон шавьжтай тэмцэх ажил хийгдсэн байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн өртөмтгий орнуудын нэг гэдгийг байгаль орчны шинжээчид тэмдэглэжээ. Газар зүйн байршил болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тус улсад ой хээрийн түймэр, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, хүч улам бүр нэмэгдэж байна.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өнгөрсөн наймдугаар сард гаргасан үндэсний хамгийн сүүлийн үнэлгээгээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хамгийн багадаа 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



