Dark Light
Нийгэм | 2026-10-27

ИНДОНЕЗИЙН ХҮЧНИЙХЭН МОНГОЛ УЛСЫН ДАЛБААТАЙ ТАНКЕР ХӨЛӨГ ОНГОЦНООС 1.16 ТОНН ХАР ТАМХИ ХУРААН АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Индонезийн хууль хянах байгууллага болон Гаалийн алба хамтран Малаккийн хоолойд тусгай ажиллагаа явуулж, Монгол Улсын далбаан дор аялж байсан "MT Global 168 ULAANBAATAR" нэртэй газрын тос тээвэрлэгч танкер хөлгийг саатуулан, дотроос нь 1.92 зуун сая ам.доллар (3.48 триллион рупи)-оор үнэлэгдэх 1.16 тонн кетамин (мансууруулах бодис) хураан авсан байна.

Хэргийн дагуу хөлгийн багийн найман гишүүнийг баривчлан саатуулжээ. 

Сэжигтэй маневр ба тусгай ажиллагаа

Индонезийн Үндэсний цагдаагийн газрын эрүүгийн мөрдөн байцаах албаны дарга Суюди Арио Сетогийн мэдээлснээр, тус хөлөг онгоц далайд байршил тогтоогч "AIS" системээ хэд хэдэн хоногоор унтрааж, Индонези, Тайланд, Мьянмарын хилийн зааг дахь Андаманы тэнгист маш бага хурдтайгаар сэжигтэй маневр хийж байсныг радараар илрүүлэн, мөрдөж эхэлсэн байна.

Улмаар тус улсын Хар тамхитай тэмцэх газар (BNN), Усны цагдаа болон Гаалийн албаны хамтарсан баг Малаккийн хоолойд хөлгийг замаас нь амдан саатуулж, Хойд Суматра мужийн Белаван боомтод авчран нарийвчилсан шалгалт хийжээ. Шалгалтын явцад хөлгөөс 58 шуудай бүхий 1.16 тонн жинтэй "ketamine HCL" хэмээх бодисыг хураан авсан бөгөөд энэ нь метамфетамин (мөс) төрлийн мансууруулах бодисын гол түүхий эд болдог байна. 

Хөлгийн эзэд хэн бэ?

Саатуулагдсан хөлөг онгоц Монгол Улсын далайн бүртгэлд бүртгэлтэй, Монголын далбааг мандуулж явсан хэдий ч бодит байдал дээр Малайзын Жохор Бару мужид байрлалтай, тус улсын "Makmur Marine Petroleum" компанийн өмч болохыг Букит Аманы Хар тамхины хэрэгтэй тэмцэх газрын дарга Хусейн Омар Хан баталжээ. Тус компанийн удирдах зөвлөлийн хоёр захирал нь Малайзын иргэн бизнесменүүд байдаг аж. 

Хөлгийн багийн баривчлагдсан 8 гишүүний дотор хөлгийн ахмад, инженерүүд багтсан бөгөөд 7 нь Индонезийн иргэн, 1 нь Тайванийн (зарим эх сурвалжид Хятадын) иргэн байжээ. Өдгөө Малайз болон Индонезийн цагдаагийн байгууллагууд хамтран тус хэрэгт Малайзын хар тамхины томоохон синдикат бүлэглэл холбоотой эсэхийг гүнзгийрүүлэн шалгаж байна. 

Индонези улс нь хар тамхины хэрэгт дэлхийд хамгийн хатуу буюу цаазын ял оноодог хуультай орнуудын нэг юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10