Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран Нөмрөгийн дархан цаазат газарт (ДЦГ) гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг үнэлэх ажлыг шуурхайлан гүйцэтгэж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаал болон Халх гол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан, салбартаа 16-50 жил ажилласан туршлагатай эрдэмтэд, судлаачид, шинжээчдээс бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн үе шаттай ажиллаж байгаа юм.
Хүрэхэд бэрх бүсүүдийг нисдэг тэргээр тандаж эхэллээ
Ажлын хэсэг өмнө нь морь болон авто тээврийн хэрэгсэл ашиглан түймэрт өртсөн нийт талбайн 30 орчим хувьд хээрийн судалгаа хийж, шаардлагатай дээж, мэдээллийг цуглуулаад байв. Гэвч газарзүйн өвөрмөц байршил, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үлдсэн талбайд газраар хүрч ажиллах боломжгүй болсон байна.
Иймд БОУАӨЯ, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газрууд хамтран хүний нөөцийг нэмэгдүүлж, хоёр нисдэг тэргийг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн нэмэлтээр дайчилжээ. Ингэснээр өнөөдөр буюу 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн урьд нь хүрэхэд хүндрэлтэй байсан алслагдсан бүсүүдэд судалгаа, дээжлэлтийн ажлыг саадгүй гүйцэтгэж эхэллээ.
Түүхэн дурсгалт болон хилийн залгаа нутагт нарийвчилсан хэмжилт хийв
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монгол Улсын хамгийн зүүн захын цэг болох ой, нуга, тал хээр хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой Нөмрөгийн ДЦГ-ын Соёлз уулын Модод хамар орчмын хусан ой, түүнээс баруун зүгт орших Галдстай гол, улмаар 50 гаруй км радиуст орших Цэцэгт уул, Зараа уул орчимд ажиллаж, байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр дээж авч, нарийвчилсан хэмжилтүүдийг хийгээд байна. Эдгээр дээжүүд нь хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг бодитоор тооцох үндсэн итгэлцлүүр болох юм.
Судалгааны баг маргааш буюу 10 дугаар сарын 29-ний өдөр Халхгол сумаас зүүн урагш 100 орчим км зайд орших Бичигт толгой болон Орч ууланд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Эдгээр нэмэлт шуурхай арга хэмжээнүүдийн үр дүнд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн экологийн хохирлын хэмжээг бодит мэдээлэл, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эцэслэн тогтоох боломж бүрдэж байгаа ажээ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм





