Dark Light
Гадаад | 2026-10-28

КАЗАХСТАН 100 ЖИЛИЙН УРАНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЖ, ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ "СУПЕР ГҮРЭН" БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөөдөр ард түмэндээ хандан тавьсан илгээлтдээ тус улсын эрчим хүчний хараат бус байдлыг дараагийн нэгэн зууны турш найдвартай хангах түүхэн шийдвэрийг танилцууллаа. Тэрээр Казахстанд баригдах атомын цахилгаан станцуудын (АЦС) ойрын 100 жилийн ирээдүйн хэрэгцээг бүрэн хангах, ураны төрийн стратегийн нөөцийг бүрдүүлэх санал дэвшүүлэв. 

Казахстан улс нь ураны олборлолтоор дэлхийд нэгдүгээр байранд ордог бөгөөд дэлхийн нийт олборлолтын 40 орчим хувийг дангаараа хангадаг. Мөн тус улсын хэвлийд дэлхийн батлагдсан ураны нөөцийн 14 хувь нь агуулагддаг төдийгүй бэлэн цөмийн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Энэхүү давуу талдаа тулгуурлан өөрсдийн түүхий эдийг дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэгцээндээ бүрэн ашиглахаар төлөвлөж байна. 

Мега төслүүд ба Олон улсын хамтын ажиллагаа

Казахстан улс хэд хэдэн атомын цахилгаан станц барихаар идэвхтэй ажиллаж байгаа юм. Ерөнхийлөгч Токаевын мэдэгдсэнээр, анхны АЦС болох Алмати мужийн Улькен тосгон дахь «Балхаш» станцын барилгын ажлыг ирэх 2027 онд багтаан эхлүүлэх боломжтой аж. Тус төслийн гүйцэтгэгчээр ОХУ-ын "Росатом" компанийн охин бүтэц шалгарч, 16.4 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээг аль хэдийн үзэглээд байна. 

Үүнээс гадна хоёр дахь станц болох «Мойынкум» АЦС-ын төсөлд БНХАУ-ын "CNC" компанийг тэргүүлэх түншээр авч үзэж байгаа бөгөөд ирэх жил барилгын ажлыг яаралтай эхлүүлэх иж бүрэн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Мөн баруун Казахстан дахь Каспийн тэнгисийн эрэгт гурав дахь бага, дунд чадлын АЦС-ыг байгуулах талбайг судалж байна. 

Технологийн тусгаар тогтнол ба Үндэсний боловсон хүчин

Казахстаны тал зөвхөн станц бариулаад зогсохгүй, гадаадын түншүүдийг тус улсад өндөр технологийн үйлдвэрлэл байгуулах, цөмийн эрчим хүчний салбарын мэдлэг, ур чадварыг нутагшуулах болон дотоодын атомын инженер, нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх ажилд татан оролцуулах шаардлага тавьж байна. ОХУ болон БНХАУ-ын компаниудын зүгээс ч ийм хэлбэрээр хамтран ажиллах бэлэн байгаагаа илэрхийлсэн саналуудыг ирүүлээд байгааг Ерөнхийлөгч Токаев онцоллоо. 

Энэхүү алхам нь Казахстан улсыг дэлхийн ураны зах зээлийн гол тоглогчоос цөмийн өндөр технологи, эрчим хүчний ирээдүйн стратегийн томоохон төв болон хувирах суурийг тавьж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08