Монголын соёл, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхийн тавцанд цуурайтуулж буй "The HU" хамтлаг Франц улсын Парис хотноо байрлах ЮНЕСКО-гийн (НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага) Төв байранд зочилж, хүн төрөлхтний энх тайвны үйлсэд оруулсан хувь нэмрээ албан ёсоор үнэлүүллээ. Мөн тэд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Төв байранд шинэ цомгоосоо толилуулсан байна.
Тэдэнд соёлын олон янз байдал, харилцан бие биенээ хүндэтгэх үзэл болон энх тайвныг урлагаар дамжуулан түгээж буйг нь үнэлж, "ЮНЕСКО-гийн Энх тайвны төлөөх уран бүтээлч" (UNESCO Artist for Peace) хэмээх эрхэм хүндтэй өргөмжлөлийг гардуулав.

"The HU" хамтлаг өөрсдийн дахин давтагдашгүй "Хүннү рок" хөгжмийн хэмнэлээр хэл соёл, улс үндэстний хил хязгаарыг даван дэлхийн сая сая сонсогчдыг нэгтгэж, тэдний танин мэдэх хүсэл, харилцан ойлголцлыг гүүр болсоор ирсэн юм. Тэд энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авах үеэрээ шинэ цомгийнхоо нээлтийг хийж, ЮНЕСКО-гийн тайзнаас хөгжмийн хүчээр дамжуулан хүмүүст энх тайвныг түгээх, нэг нэгэндээ энэрэнгүй хандах урам зоригийг бадраахыг зорьсноо илэрхийлэв.

Уран бүтээлчид өөрсдийн цахим хуудаснаа "Бид гаргасан цомог болон дэлхийг тойрсон нүсэр аялан тоглолтуудаараа дамжуулан Монголын түүх, соёл, аялгуу, уламжлалыг дэлхийн өнцөг булан бүрт суугаа үзэгчдэд хүргэсээр ирсэн. Бидний уран бүтээл хүмүүсийг өөрсдийн өв соёлоор бахархахын зэрэгцээ бусдын соёлыг танин мэдэж, хүндэтгэн бишрэхэд уриалдаг билээ. ЮНЕСКО-гийн Төв байранд шинэ цомгоо танилцуулсан явдал нь бидний энэхүү хөгжмийн аяллыг хуваалцах, хөгжмөөрөө дамжуулан энх тайвныг түгээх болон нэг нэгнийхээ өмнө хүлээх хариуцлагыг ухамсарлуулах эрхэм зорилгоо улам гүнзгийрүүлэх дахин нэгэн боломжийг олгож байна" хэмээн өөрсдийн сошиал хуудсандаа бичжээ.

ЮНЕСКО-гоос биет бус өв соёл болон бүтээлч сэтгэлгээг хамгаалах чиглэлээр хийж буй ажлууд нь "The HU" хамтлагийн уран бүтээлийн үзэл баримтлалтай яв цав нийцдэг аж. Тус байгууллагын үйл ажиллагаа соёлын уламжлалыг хэрхэн цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлж болдгийг бэлхнээ харуулж буйг хамтлагийнхан тэмдэглээд, цаашид ч хөгжмийн хүчээр дамжуулан соёл хоорондын яриа хэлэлцээг үргэлжлүүлэн дэмжиж, ЮНЕСКО-гийн эрхэм зорилгыг тууштай дагахаа илэрхийллээ.
Мөн энэ үеэр "Монгол Улсын Соёлын элч, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “The HU” хамтлаг Франц Улсын нийслэл Парис хот дахь ЮНЕСКО-ийн төв байранд “Энх тайвны төлөө дуугаа өргөе” уриан дор тусгай тоглолтоо толилууллаа. Тоглолтын үеэр “The HU” хамтлаг морин хуур, товшуур, хөөмий зэрэг Монголын уламжлалт хөгжмийн өвийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан “Хүннү рок” урсгалаа толилуулж, үндэсний түүх, соёлын өвөрмөц онцлогийг олон улсад сурталчлан таниулав. ЮНЕСКО-оос 2022 онд “Энх тайвны төлөөх уран бүтээлч” цолоор өргөмжлөгдсөн “The HU” хамтлагийн энэхүү тоглолт нь хөгжмийн урлагаар дамжуулан энх тайван, эв нэгдэл, соёлын олон талт байдлыг дэмжсэн онцлох үйл явдал боллоо" хэмээн Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам тэмдэглэжээ.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл





