ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Граф болон Батлан хамгаалахын атташе, Адмирал Ульрих Бросовски нар 11-р сарын 9-ний өдөр Германы Зэвсэгт хүчин буюу Бундесвер байгуулагдсаны ойн баярыг (1955 оны 11-р сарын 12) тохиолдуулан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа.
Дипломат корпусын зочид болон Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн өмнө тэд Монгол, Германы цэргийн харилцааг онцгойлон үнэлж, хүндэтгэл үзүүлэв.
Хамтдаа бид хүчтэй! Энэ бол хоёр илтгэгчийн хэлсэн үгийн гол агуулга байлаа. Элчин сайд Т.Граф олон улсын хамтын ажиллагаа, олон талт түншлэлийн ач холбогдлыг онцлоод, Герман, Монгол хоёр улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалт зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллаж, үүнийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
.jpg)
Адмирал У.Бросовски Афганистанд хамтран үүрэг гүйцэтгэсэн болон хожим уулын явган цэрэг, энхийг сахиулах ажиллагааны сургалтуудаар дамжуулан бий болсон хоёр орны нягт холбоог дурсан санууллаа. Цаашид ч өмнөх цэргийн хамтын ажиллагаагаа уламжлан үргэлжлүүлж, харилцан бие биеэсээ суралцсаар байх болно гэдгийг тэрбээр илэрхийлэв.

Тус хүлээн авалтын хүндэт зочдын дунд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Хэлний сургалтын төвд герман хэл суралцаж, Бундесверт суралцахаар бэлтгэж буй 14 залуу офицер, ахлагч уригдан оролцжээ. Тэд бидний хамтарсан цэргийн сургалтын амжилтын түүхийг цаашид үргэлжлүүлэн бичих юм.
Бундесвер (Bundeswehr) - Холбооны Батлан Хамгаалах Яамны харьяан дор үйл ажиллагаагаа явуулдаг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын зэвсэгт хүчин бөгөөд түүнд захиргааны алба болон бусад хэлтэс байгууллагууд бас ордог. Холбооны Батлан Хамгаалах Яам нь хуваарилалтын хувьд ч тэр боловсон хүчний хувьд ч тэр Бундесверд хамаардаггүй. Батлан хамгаалахын сайд нь Холбооны Германы Засгийн газарт харьяалагдана.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 10 жилийн дараа буюу 1955 оны 6-р сарын 7-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчин байгуулагдсан бөгөөд мөн өдөр Германы Батлан хамгаалах яам үүд хаалгаа нээсэн байна. Германы шинээр байгуулагдсан армийн эхний 100 сайн дурынхан 1955 оны 11-р сарын 12-нд Бонн хотноо "хуучин Германы арми"-ын уламжлал, зан үйлийн дагуу эх орондоо үнэнч байх тангараг өргөсөн юм. Гэсэн хэдий ч "Бундесвер" гэсэн нэр сүүлд 1956 онд гарсан байдаг.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




