Dark Light
Гадаад | 2026-11-13

ДЭЛХИЙ НИЙТЭД МАЛТМАЛ ТҮЛШНЭЭС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛСАН COP31 ЧУУЛГАНЫГ ГОЛ ТОГЛОГЧИД ТООСОНГҮЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Лхагва гарагт газрын тос, байгалийн хийн лобби бүлэглэлийн эсрэг хатуу байр суурь илэрхийлж, нэр хүндтэй олон удирдагч хүрэлцэн ирээгүй уур амьсгалын дээд хэмжээний уулзалт дээр дэлхийн удирдагчдад хандан малтмал түлш “үлэг гүрвэлүүдийн араас явах ёстой” хэмээн мэдэгдлээ.

Европт болсон аагим халуун, ойн түймэр болон Балбад олон хүний аминд хүрсэн үерийн гамшгийн дараа Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дарамт шахалт дор байгаа энэ үед хоёр долоо хоног үргэлжлэх COP31 хэлэлцээ энэ долоо хоногт Турк улсад эхлэв.

Газар дундын тэнгисийн эргийн Анталья хотод төр, засгийн тэргүүнүүдийн хоёр өдрийн илтгэлд оролцохоор цугларсан дэлхийн олон арван удирдагчдад хандан А.Гутерриш “Гашуун үнэн гэвэл уур амьсгалын хямрал биднээс түрүүлж алхаж байна” гэж хэлэв.

Гэвч АНУ-ын Ирантай хийж буй дайн болон Оросын Украин руу хийсэн түрэмгийллээс үүдэлтэй газрын тосны үнийн цочрол, геополитикийн хурцадмал байдалтай улс орнууд тэмцэж байгаа тул 11-р сарын 20 хүртэл үргэлжлэх COP31 хэлэлцээнээс томоохон эргэлт, шийдэл гарах хүлээлт бага байна.

Улс орнууд 2023 онд уур амьсгалын өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч болох малтмал түлшнээс үе шаттайгаар шилжих анхны тохиролцоонд хүрснээс хойш НҮБ-ын жил бүрийн бага хурлууд дээр энэ зорилгоо ахиулах гэж ихээхэн бэрхшээлтэй тулгарсаар иржээ. 

12-р сард албан тушаалаасаа буухынхаа өмнөх сүүлчийн COP чуулган дээрээ А.Гутерриш Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг дэмждэг гэж мэдэгдэхийн зэрэгцээ малтмал түлшний олборлолтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлж болохгүй гэдгийг онцоллоо.

Уур амьсгалын эмх замбараагүй байдлыг өдөөж байна хэмээн олон жилийн турш буруутгаж ирсэн уг салбарын эсрэг ээлжит шүүмжлэлдээ тэрбээр “Малтмал түлш үлэг гүрвэлүүдийн замаар явах ёстой, гэхдээ энэ нь аяндаа бүтчихгүй. Үлэг гүрвэлүүдэд лобби байгаагүй, харин малтмал түлшинд бий” гэж хэлэв. 

“Тэдний стратеги энгийн: Шинжлэх ухааныг гуйвуулах. Бодлогыг хойшлуулах. Бодит үйлдлийг удаашруулах. Хариуцлагаас бултаж хойшлуулах. Энэ зуршлаа хаяж, малтмал түлшний донтолтоо зогсоох цаг болсон” хэмээн түүнийг хэлэхэд танхим дүүрэн нижигнэсэн алга ташилтаар угтлаа. 

УУР АМЬСГАЛЫН ТАЛААРХ НАМ ГҮМ БАЙДАЛ

Гэвч COP31 чуулганд зарим томоохон удирдагчид хүрэлцэн ирсэнгүй. Их Долоогийн (G7) орнуудаас зөвхөн Их Британийн Ерөнхий сайд Энди Бернхэм л дээд хэмжээний уулзалтад үг хэлэхээр төлөвлөжээ.

Саяхан дахин сонгогдсон Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва бусад удирдагчдад хандан “Энэ он гарснаас хойш дэлхийн удирдагчдын илтгэл, баримт бичгүүдээс уур амьсгалын өөрчлөлтийн сэдэв алга боллоо. Бид ирээдүй хойч үеийнхээ оршин тогтнохоос илүүтэй зэр зэвсэг, гаалийн татварын тухай л их ярьдаг болж” гэж хэлэв. 

Амазоны ой модыг устгах явдлыг эрс бууруулж чадсан Л.Лула өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар баруун жигүүрийн өрсөлдөгч Флавио Болсонарог ялахад уур амьсгалын төлөө тэмцэгчид уртаар санаа алдан тайвширсан юм. Тэрбээр “Бразил эрүүл гараг дэлхийн тасралтгүй оршин тогтнохыг хамгаалахаар эргэн ирлээ” хэмээн мэдэгдлээ. 

Европын Холбооны тэргүүн Урсула фон дер Ляйен Антальяд үг хэлсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Фридрих Мерц, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нар хүрэлцэн ирээгүй Европын удирдагчдын тоонд багтжээ. 

Канад, Япон, Энэтхэгийн удирдагчид ч мөн тус арга хэмжээг алгасах төлөвтэй байгаа бол COP чуулганд ховорхон оролцдог БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Дэд дарга Хань Жэн төлөөлөн оролцов. Мэдээжийн хэрэг АНУ-ыг Парисын хэлэлцээрээс гаргасан Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн оролцсонгүй. 

МАЛТМАЛ ТҮЛШНИЙ ШИНЭ НӨӨЦ АЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ

Уур амьсгалын идэвхтнүүд Лхагва гарагт үг хэлсэн өндөр албан тушаалын хоёр илтгэгч болох Европын Холбооны У.фон дер Ляйен болон Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе нарыг илтгэлдээ малтмал түлшний талаар нэр цохон дурдаагүй хэмээн онцлон шүүмжилжээ. Номхон далайн арлын орон нь далайн түвшин нэмэгдэх аюулд өртөөд буй Маршаллын Арлуудын Ерөнхийлөгч Хильда Хайне “Өрөмдсөн шинэ газрын тосны цооног бүр, олборлосон шинэ нүүрсний хэлтэрхий бүр манай улсын ирээдүйд заналхийлж байна. Малтмал түлшний шинэ нөөц илрүүлэх нь баярлах зүйл биш, харин айх ёстой зүйл” гэж мэдэгдэв. 

Түүний энэхүү үг нь энэ долоо хоногийн эхээр улс орон нь газрын тосны шинэ орд илрүүлсэн тухай “сайн мэдээ”-г зарласан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы байр суурьтай эрс зөрчилдсөн юм. Лхагва гарагт хэлсэн үгэндээ Р.Т.Эрдоган дэлхий нийтэд “эрчим хүчний аюулгүй байдал болон улс орнуудын хөгжлийн ялгаатай хэрэгцээг харгалзан үзсэн шударга” эрчим хүчний шилжилт хэрэгтэй гэж мэдэгджээ. 

Саудын Арабын Эрчим хүчний сайд хунтайж Абдулазиз бин Салман “эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулахгүйгээр нүүрстөрөгчийн саармаг байдалд хүрэхийг эрмэлзэх нь бидний хүчин чармайлтыг сулруулж болзошгүй” хэмээн анхааруулав. Тэрбээр “Уур амьсгалыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээнүүд нь улс орнуудад тулгарах саад тотгор болж, эдийн засгийн хөгжлийн ололт амжилтад нь саад болох ёсгүй” гэсэн байна. 

Финланд улс малтмал түлшийг үе шаттайгаар халж дуусгах тодорхой төлөвлөгөөгөө зарласнаар Франц, Герман, Нидерландын дараа ийм алхам хийсэн дөрөв дэх орон боллоо. 

COP31 чуулганыг зохион байгуулагч Турк улс 2035 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээнд цахилгаан эрчим хүчний эзлэх хувийг 35 хувьд хүргэх зорилттойгоор тээвэр, барилга, аж үйлдвэрийг цахилгаанжуулах ажлыг хурдасгах сайн дурын санаачилгыг дэмжин ажиллаж байна. Европын Холбооны зүгээс цахилгаанжуулалт нь “цэвэр” байх ёстойг онцолсон нь Туркийн саналд газрын тос, хий, нүүрсний гүйцэтгэх үүргийн талаар маргаан дэгдээж болзошгүй байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08