Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээлийн бэлтгэл, аймаг, нийслэлийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт, уст цэг, малын хашаа, саравчны хүрэлцээ зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд нэгдсэн дүнгээр 89 хувь бэлтгэл хангагдаад байна.
ХХААХҮЯ-наас Засгийн газрын 286 дугаар тогтоол болон түүний хавсралтаар өгөгдсөн үүргийг хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Энэ жилийн зуншлага нийт нутгийн 50 хувьд гандуу байв. Өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 47.5 гаруй хувьд хэтэрсэн дүн мэдээ гарсан. Мөн 11 дүгээр сарын зудын эрсдэлийн урьдчилсан төлөвөөр 15 аймгийн 105 суманд буюу нийт нутгийн 26 хувьд нэн их, их эрсдэлтэй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас урьдчилсан мэдээлэл гарчээ.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 21.3 мянган тонн өвс, 6.6 мянган тонн хүчит тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн. Түүнчлэн 205.3 мянган малчин өрх 61.09 сая толгой малаа өвөлжүүлэх, хаваржуулахаар 1.5 сая тонн хадлан, 49.7 мянган тонн сүрэл, 105.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэсэн байна.
Улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн хүрээнд 657 худаг, уст цэгийг ашиглалтад оруулснаар 3,285 өрх, 810.0 мянган га бэлчээр, 1.9 сая толгой малыг найдвартай ундны усаар хангажээ. Мөн бэлчээрийн ургамлыг мэрэгч амьтдын хөнөөлөөс хамгаалах арга хэмжээг хавар, намрын технологийн хугацаанд хэрэгжүүлж, 208.0 мянган га талбайг хамгаалсан байна.
Мал сүргээ зудын болон гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 17.5 мянган малчин өрхийн 3.3 сая толгой малыг 3.3 тэрбум төгрөгөөр даатгалд хамруулсан байна.
Төв суурин газрын хүн амыг хаврын улиралд хангах нөөцийн махны бүрдүүлэлтийн хүрээнд орон нутагт 995.6 тонн, нийслэлд 10,802.9 тонн махны гэрээ байгуулж, үүнээс 3,091.0 тонныг агуулахад төвлөрүүлжээ.
61 САЯ ТОЛГОЙ МАЛЫН 53 ХУВЬ БАЙГАЛЬ, ЦАГ УУРЫН ХҮНД НӨХЦӨЛД ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХААР БАЙНА
Улсын хэмжээнд 2025 оны эцсийн мал тооллогоор 58.09 сая толгой мал тоологдож, 2026 онд 18.9 сая толгой төл хүлээн авч, бойжуулснаар 76.9 сая толгой мал зун, намрын улиралд бэлчээрлэж байснаас 15.0 сая толгой малыг мал мах бэлтгэл болон хүн амын дотоодын хэрэгцээнд хэрэглэж 61.09 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоолол гарсан.
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд аймаг, сумдаас авсан нэгтгэлээр 205.1 мянган өрхөд 61.09 сая, хонин толгойд шилжүүлснээр 121.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байгаа бөгөөд нийт мал сүргийн 23.8 хувь баруун, 24.3 хувь хангайн, 12.3 хувь говийн, 14.1 хувь хойд, 15.3 хувь зүүн, 9.3 хувь төвийн бүсэд тус тус өвөлжиж, хаваржихаар байна.
Зуншлагын нөхцөл муу, бэлчээрийн ургамлын гарц тааруу байсан баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс аймагт нийт 7.7 сая, говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймагт 7.5 сая мал, цасан бүрхүүл их тогтсон Завхан, Хөвсгөл, Архангай, Булган аймгуудад 17.5 сая мал, нийт мал сүргийн 53.4 хувь нь өвөлжиж, хаваржихаар байгаа тул эдгээр бүсийн өвөлжилт, хаваржилтад анхаарал хандуулах шаардлага байгааг илэрхийлж байна
АДМИН






Нийгэм


