Los Angeles Times: Шилэн цамхгуудын сүүдэрт лам нар ном хурсаар байдаг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Red Hero “Улаан баатар”.
АНУ-ын нэр хүндтэй Los Angeles Times сонины аялал жуулчлалын “LA Times Studios” буланд сэтгүүлч Анжелик Чемберлейний Улаанбаатар хотын өвөрмөц төрх, түүх соёл, аялал жуулчлалын маршрутыг зурагласан “Монголын ‘Улаан баатар’ бол шилэн цамхгуудын дор лам нар ном хурсаар байдаг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл” нэртэй нийтлэл гарлаа.
Улаанбаатарт хөл тавьсан хэн бүхний хамгийн түрүүнд гайхдаг зүйл бол энэ хот хүмүүсийн Монголын тухай төсөөллөөс тэс өөр байдаг явдал аж. Тэнгэр баганадсан шилэн цамхгууд тэнгэрийн хаяаг эзэгнэж, замын түгжрэл дунд лам нар нь ном хурсаар байдаг хийдийн дэргэдүүр машинууд мөлхөх мэт урсана. Монголын 3.5 сая хүн амын тал орчим нь оршин суудаг энэ хөндийд эзэнт гүрний түүх, мөхлийн ирмэгт хүрээд сэргэсэн бурхны шашин, хэзээ ч орхигдоогүй нүүдэлчин ахуй нэгэн зэрэг багтжээ.
Нүүж явсаар суурьшсан хот
1639 онд нүүдлийн өргөө хийд хэлбэрээр үүссэн Улаанбаатар нэг зуун гаруй жилийн турш буурь сэлгэн нүүсээр 1778 онд Туул голын хөвөөнд суурьшиж, 1924 онд хувьсгалч Дамдины Сүхбаатарын алдраар “Улаанбаатар” хэмээх өнөөгийн нэрээ авсан түүхтэй. Далайн түвшнээс дээш 1,350 орчим метрийн (4,400 фут) өндөрт дөрвөн уулаар хүрээлэгдсэн энэ хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд төв хэсгийн хойд энгэрээр нийт оршин суугчдын 60 орчим хувь нь амьдардаг хашаа, эсгий гэр бүхий гэр хороолол сунан тогтжээ.
Хотын төв талбайд Төрийн ордны өмнө 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан босгосон Чингис хааны хүрэл хөшөө сүндэрлэнэ. Энд 1921 оны долдугаар сард Сүхбаатар тусгаар тогтнолоо тунхаглаж, 1990 онд тайван жагсаал өрнөж Монголд ардчилал авчирсан түүхэн цэг юм.
Гандангийн өглөө ба Чингис хааны хөшөө
-
Гандантэгчэнлин хийд: Өглөөний 09:00 цагийн орчимд сүсэгтнүүд хүрд эргүүлэн гороолж, арц хүжний үнэр суунаглан, улаан хүрэн орхимжтой лам нар дуган руугаа алхаж ном хурж эхэлдэг. 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн үеэр хаагдаж байсан ч 1944 онд дахин нээгдсэн тус хийдийн гол дуганд 26.5 метр (87 фут) өндөр Мэгжид Жанрайсиг бурхан залардаг.
-
Музей ба Цонжин Болдог: Монголын Үндэсний музей эртний чулуун зэвсгээс 20 дугаар зуун хүртэлх түүхийг өгүүлдэг бол 2022 онд нээгдсэн Чингис хаан Үндэсний музей есөн давхарт зөвхөн нэг хүний аугаа түүхийг өгүүлдэг. Харин хотоос зүүн тийш нэг цаг яваад хүрэх тал нутагт 2008 онд баригдсан 40 метр (131 фут) өндөр ган хөшөө алсаас сүндэрлэн харагдах бөгөөд жуулчид морины толгой дээрх тавцан руу гарч орчныг тольдох боломжтой.
Орчин үеийн тав тух ба үндэсний амт
Төв талбайгаас таван минут алхах зайд “Шангри-Ла” зочид буудал байрладаг бол дарвуулт завь хэлбэртэй “Блю Скай”-ийн дээд давхраас хотын гэрлийг тольдож, 2024 онд шинэчлэгдсэн “Кемпински Хаан Палас”-т нам гүм амрах боломжтой.
Зоогийн тухайд жигнэсэн бууз, шарсан хуушуурыг давстай сүүтэй цайтай хамт “Модерн Номадс” зэрэг үндэсний ресторанд амтлахыг зөвлөсөн бол исгэлэн, сулхан согтууруулах чанартай айраг санал болговол заавал амсаж үзэхийг нийтлэлд дурджээ.
Нийслэлээс гадагш: Горхи-Тэрэлж
Хотын төвөөс хоёр цаг орчим яваад хүрэх Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Мэлхий хад зэрэг боржин чулуун тогтоц, задгай хөндий дунд эсгий гэрт хоноглож болно. Жуулчны баазууд өвөл хаагддаг тул дулааны улиралд, ялангуяа долдугаар сард Наадамтай давхцуулан аялбал Монголын хоёр туйл болох нийслэлийн шилэн цамхаг болон тал нутгийн эсгий гэрийг нэг дор мэдрэх боломжтой хэмээн Los Angeles Times онцолжээ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм


