Dark Light
Спорт | 2026-11-28

FIBA МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ДОВТЛОГЧ АЛТАНГЭРЭЛИЙН АЗБАЯРЫГ ОНЦОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | FIBA

Алтангэрэлийн Азбаяр ба Монголын шигшээ баг сургамжаасаа эрч хүч авч, Азийн АШТ-ий урьдчилсан шатанд эргэн ирэлт хийхээр зорьж байна.

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIBA) албан ёсны цахим хуудас Монголын үндэсний шигшээ баг болон од довтлогч Алтангэрэлийн Азбаярын тухай онцлох нийтлэл бэлтгэн гаргалаа. “FIBA Asia Cup 2029” тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийг Индонезийг 72:64 харьцаатай хожсон ялалтаар эхлүүлсэн “Хөх чононууд” өнгөрсөн хугацаанд хэрхэн өсөж, туршлагажсанаа харуулж байна. 

“FIBA Asia Cup 2025”-ийн сургамж ба өсөлт

Хэдийгээр 3х3 сагсан бөмбөгөөр дэлхийд танигдсан ч Монголын 5х5 шигшээ баг өмнөх урьдчилсан шатанд үнэмлэхүй амжилт үзүүлснээр түүхэндээ анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээний (Asia Cup Qualifiers) урьдчилсан шатанд шалгарч байв. Тухайн үед Хятад, Япон зэрэг тивийн аваргууд болон Гуамын шигшээ багтай “B” хэсэгт багтаж, зургаан тоглолтоос Гуамыг 74:63 харьцаатай хожсон ганц ялалт байгуулсан нь дараагийн шатанд шалгарахад хангалтгүй байсан ч багт асар их туршлага хуримтлуулжээ. 

2024 оноос үндэсний шигшээ багт хүчин зүтгэж буй 21 настай довтлогч А.Азбаяр энэ талаар:

“Мэдээж манай баг тэр тэмцээнээс маш их зүйлийг сурсан. Нэг онооны зөрүү гэх мэт хамгийн жижиг нарийн зүйл хүртэл асар том нөлөө үзүүлдгийг бид ойлгосон. Хэдийгээр багийнхаа тавьсан зорилгод хүрч чадаагүй ч энэ нь бидэнд эв нэгдэлтэй байх, илүү шаргуу хөдөлмөрлөх, хоорондоо сайн ойлголцох, мөн багийн хувьд тогтвортой байхын ач холбогдлыг зааж өгсөн үнэ цэнтэй сургамж болсон” хэмээн ярьжээ. 

Клубийн амжилт ба гадаадын лигийн туршлага

Зөвхөн шигшээ баг төдийгүй клубийн түвшинд ч Монголын сагсан бөмбөг хурдацтай хөгжиж, 2025 онд “Хасын Хүлэгүүд” (Broncos) баг Иан Миллерээр удирдуулан “BCL Asia-East”-ийн анхны аварга болж, улмаар Дубайд болсон “BCL Asia”-ийн үндсэн тэмцээнээс хүрэл медаль хүртэн тивийн клубийн тэмцээний түүхэн дээд амжилтыг тогтоосон юм. 

Түүнчлэн А.Азбаяр өөрөө Япон Улсын “B.One” лигийн “Fukushima Firebonds” багт нэгдэн, хилийн чанадад хүч үзэж буй монгол тамирчдын нэг болоод байна. Тэрээр “Эх орноо төлөөлөн гадаадын мэргэжлийн лигүүдэд тоглож буй бүх монгол тамирчдаараа би чин сэтгэлээсээ бахархдаг. Энэ жил тэдний нэг болсондоо маш их баяртай байна. Энэ боломжийг дагаад асар их хариуцлага, сахилга бат, өөрийгөө дараагийн түвшинд гаргах шинэ сорилтууд ирж байгаа тул би бүх чадлаараа хичээх болно” гэжээ. 

“Би багийнхандаа 100 хувь итгэдэг”

Индонезийг хожсон чухал тоглолтын дараа Ганцолмонгийн Болор-Эрдэнэ, Шаравжамцын Энхийн-Од нарын хамтаар багаа манлайлж буй А.Азбаяр 2029 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд эргэн ирэх бүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байна: “Би багийнхандаа 100 хувь итгэдэг. Бид дараагийн шатанд шалгарахын төлөө чадах бүхнээ хийнэ. Бидэнд том зорилго байгаа тул эв нэгдэлтэй байж, бие биенээ дэмжиж, нэгнийхээ алдааг нөхөж тоглох нь хамгийн чухал. Юу ч тохиолдсон баг хэвээрээ үлдэж, ухаалаг, сахилга баттай тоглож, эцсээ хүртэл хамтдаа тэмцэх болно” хэмээн тэрээр онцолжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08