2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 15.4 тн газ тээвэрлэж явсан том оврын машин Патрол маркийн машинтай шүргэлцэж, дэлбэрсэн осол гарсан. Ослын улмаас долоон хүний эрдэнэт амь эрсдэж, 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан хэмээн хамгийн сүүлд нэг жилээр нь шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.
Тэгвэл яг энэ өдрийн нэг жилээр буюу 2025 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БГД-ийн 22 дугаар хороонд нэг бүлийн зургаан иргэн угаартсан байдалтай нас барсан. Үүнийг олон нийтэд мэдэгдүүлэхгүй гэж гэр бүл болоод ганц хүүг нь элдэв янзаар дарамталж буй талаар Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн цэргийн 0184 дүгээр ангид алба хааж байсан О.Одбаяр мэдээлсэн.
Энэхүү хэргийг нуун дарагдуулах ашиг хэнд байв? гэсэн асуулт урган гарч ирж байна.
Эл хоёр хэрэг хоёулаа хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй. Газны ослын хохирогчид одоог хүртэл яллагдагчаар татагдсан Дашваанжил ХХК-ийн хоёр хариуцагчид ямар ял шийтгэл оногдуулах, ямар шийдвэр гаргахыг хүлээсээр...
Зургаан иргэн нас барсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч байлдагчийг мэдээлэл хийсний дараа хувь хүний эмзэг мэдээллийг цахим орчинд цацсан. Үүний дараа салбарын сайд нь мэдээлэл хийж, хувь хүний эмзэг мэдээллийг задруулсан хүнийг олж тогтоон хариуцлага тооцно гэсэн. Атал хороо, хороон цагдаа, дүүргийн албан хаагч нар, агаарын бохирдлыг бууруулах статустай төрийн албан хаагчдын VIBER групп чатаас тухайн мэдээлэл задарсан гэх. Гэтэл сайдын мэдээлснээр тэр групп чатад байсан нэгэн иргэн мэдээллийг задруулсан болж таарсан.
Тэрхүү албаны групп чатад иргэн юу хийж байв?
Энэ хэрэг цаашид хэрхэн шийдэгдэхийг нүд дэвсэн, чих тавин хүлээж буй хүмүүс олон байгаа байх...
С.ОТГОНБАЯР