Жүжигчин П.Баттөртэй ярилцлаа.
Хүүгээ өлгийдөн аваад удаагүй байгаа. Хүүтэй болсон сэтгэгдлээ хуваалцаач?
Тэнгэрийн луу жилд хөөрхөн хүүтэй болсон. Тэнгэрийн хүү ирсэн. Маш их баяртай байгаа. Хоёр охинтой байсан. Ойрдоо хүүгээ хараад завгүй байна. Хамаг анхаарал тэр жижигхэн залуу дээр төвлөрч байгаа. Би чинь хоёр охинтой дахиад охин байсан ч яах вэ гэж бодож байсан чинь ерөөлөөр тэнгэрийн жилд хүү хүрээд ирлээ. Эрэгтэй хүүхэд өөр байдаг юм байна. Цаанаа нэг тийм нягт, идэх нь хүртэл өөр байдаг юм байна. Авч байгаа мэдрэмж нь ч өөр юм байна.

2 эгч нь хичээлээсээ ирээд л хоёр талаас үнсээд л. Охин хүүхэд гэдэг нандин л даа. Энхрий, бүх зүйлд зөөлөн, халамжтай. Хүү минь хөлд ороод ирэхээр бужигнуулна гэж олон хүн хэлж байна. Хүний амьдралд элэг бүтэн байх л жаргал юм байна. Үр хүүхдүүд минь эрүүл саруул, аз жаргалтай өсөж торниж байгааг нь харахаас өөр жаргал юу байх вэ дээ.
Хамгийн сүүлд Цөвүүн цаг уран сайхны кинонд тоглосон.
Хамгийн түрүүнд зохиолыг нь харна. Найруулагчийг харна. Хамт ажиллах уран бүтээлийн багийг хардаг. Цөвүүн цаг кинонд туслах дүрд хүртэл мэргэжлийн жүжигчид орж байгаа юм. Кино бүтээлд их бага гэхгүй мэргэжлийн хүмүүс орохоор тэр бүтээл илүү их чанартай, чансаатай, амьд болдог юм уу гэж боддог. Манай багш хэлдэг байсан юм. Ард түмэндээ танигдсан нэр нь Гарын таван хуруу киноны Шагдар. Чи дүрийг голохгүй. Дүр чамайг голно. Тийм болохоор ямар ч үед найруулагч чамд итгээд өгсөн дүрийг Баттөр биш тэр дүрээр нь амьдарч, бүтээж, тэр дүрийг харуулах ёстой гэдэг байсан. Тэр зохиолыг уншаад тоглох уран бүтээл бол ер нь буучихдаг. Толгойд хамаг зүйл нь өрөгдөөд, дүрээ дотроо төсөөлөөд өрөөд явчихдаг. Таалагдахгүй зохиол ерөөсөө буудаггүй.

Миний хамгийн анхны дүр Хархны өгөөш киноны эсрэг дүр байдаг. Ариунбямба ах бид хоёр эсрэг дүрд тоглодог. Бодит хүмүүсээр хийсэн дүр. Одоо цагт тэр хүмүүс байдаг. Тусгай салаа гарсны дараа тэр кино телевизүүдээр гарсан. Тэгтэл хүмүүс өө нөгөөх чинь гэнэтхэн баки болчихлоо гээд л ярьж эхэлсэн. Би спортод их хайртай. Спортоор хичээллээд, хөл тавьж сонирхоод энэ жил 20 дахь жил нь болж байгаа юм байна.
Тэгэхээр та Тусгай салаанд тоглохдоо нэлээд жин хаясан уу?
Тухайн үед гайгүй ээ. 7 кг л хаяж байсан юм. Хамгийн том хувцсыг нь өмсөөд тоглосон. Жин хаясан болохоор бие улам язайгаад манайхны ярьдгаар Брюс Ли шиг язайгаад илүү булчинлаг харагдаад болдоггүй. Тэгсэн найруулагч маань за ерөөсөө хувцсаа битгий тайл. Унтаж байсан ч хөнжлөө хүзүү хүртлээ хучна. Сагс тоглосон ч бүгд майктай байхад ганцаараа хувцастайгаа тоглодог. Тийм болохоор үзэгчид мэдээгүй. Ер нь их доожоо муутай. Жинхэнээсээ хараа муутай, хөгшин, халзан сульдаа юм байна гэж бодсон байх. Тэр дүрээс болж хүмүүст их адлагдсан шүү нэг хэсэг. Өө энэ чинь халзан толгойтой, хараа муутай, доожоо муутай юм байсан чинь шал өөр хүн байсан байна гээд хажууд чих улайтал ярина шүү дээ. Тэгэхээр яах вэ уран бүтээлч хүний хувьд тэр дүрдээ амьдраад, тэр дүрээрээ хүмүүст танигдаад, тэр дүрийг нь үзэгчид хүлээж авна гэдэг надад үнэхээр сайхан мэдрэмж л дээ. Тийм зүйлийг зорьж, тэр зүйлийг хүргэх гэж уран бүтээлч хүн ажилладаг учраас тэр нь харагдсан байна л гэж боддог шүү дээ.
Та Драмын театрт нэг хэсэг ажилласан шүү дээ. Театраасаа яагаад гарах болов?
Уран бүтээлч болох гэж байгаа хүн болгоны, оюутан болгоны мөрөөдөл л дөө. Драмын театр босго өндөртэй. Тэр мөрөөдлөө би биелүүлсэн л дээ. Залуу байна юм үзье. Гадагшаа явъя. Өөрийгөө сорьё гэж бодсон. Театрт байхдаа олон сайхан ахмадууд, ах эгч нараасаа их зүйл сурсан. Их зүйл мэдсэн. Театрын нэг эд эс болж тогоонд нь чанагдсандаа баярладаг. Театраас гарснаас хойш тайзны уран бүтээлд тоглоогүй арваад жил болсон. Тэгээд өнгөрсөн жил Монгол театрын анхны уран бүтээл болох Клеопатра жүжгийн Марк Антони жанжны дүрд санал тавьсан. Яагаад санал тавьсан гэхээр Баярмаа бид хоёр СУИС-д хамт сураад, театрт хамт шалгалт өгч байсан юм. Тийм болохоор Төрөө маань театрт хамт ажиллаж байсан учраас энэ дүрд тоглож чадна гэж санал тавьсан байх. Хамт уран бүтээлд тоглож байсан хүмүүстэйгээ хамт тоглохоор болсон тул баяртай хүлээж авсан. Хэсэг хугацаанд тайзан дээр гараагүй байсан учраас сар бэлтгэл хийгээд сурсан юмыг сураар боож болохгүй гэдэг шиг формдоо ороод эхэлсэн. Тэр том дүрээр үзэгчдийн өмнө буцаж гарсандаа үнэхээр баяртай байгаа. Тэр дүрийг надад санал болгосон Монгол театрын ерөнхий найруулагч Чингүүн дүүдээ баярлалаа. 2025 онд энэ жүжиг дахин тоглогдоно гэж ярьж байна лээ.


Дэлгэцийн бүтээлд чамгүй олон дүр бүтээлээ. Одоо нэг тийм дүрд тоглочих юм сан гэж хүсдэг дүр бий юу?
Түүхэн киноны дүрд тоглохыг хүсдэг. Надаас уран чадвар, тэсвэр тэвчээр шаардах даацтай дүрд тоглохыг хүсдэг болсон байна. Би өөрөө тийм дүр дээр ажиллах дуртай. Надаас юу гарах вэ, өөрийгөө сорих, энэ дүрд тоглосноор би өөрийгөө яаж харуулах вэ, өөрийгөө яаж дайчилж чадах вэ гэдэг нь надад сонирхолтой байдаг. Эсрэг дүрд тоглох юм сан гэж боддог. Зарим найруулагч надад эсрэг дүр өгдөггүй. Чи болохгүй ээ. Чи эерэг дүрийн хүн гэдэг. Уран бүтээлч хүн ямар ч дүрд амьдарна шүү дээ.

Танаас тэр хамаг зүйлийг чинь шавхсан дүрд тоглож байв уу?
Байгаа. Донор гээд кино бий. Тэр кино зурагтаар нэг их гарч байгаагүй. Хийсэн продюсер нь гаднын агентлагт 7-8 жилийн хугацаатай гэрээ хийгээд өгчихсөн гэсэн. Тэгээд тэр кино монголд гардаггүй юм шиг байна лээ. Тэр кино ёстой жинхэнэ шандас сорьсон. Би бүр яах гэж энэ кинонд тоглов доо гэж дунд нь шантарч байсан. Уран бүтээлч хүнээс гарах бүх зүйлийг шавхсан. Гэхдээ нэгэнт эхэлсэн юм чинь заавал ард нь гарах ёстой гэж шүд зуугаад л ёстой нээрээ ард нь гарсан. Өөрөөсөө гарч болох бүх зүйлээ гаргасан. Маш сайн кино болсон гэж хэлнэ. Идэр ес эхэлчихсэн. Налайхад зураг авалтаа хийсэн. Би дан костюмтай зугтдаг. Налайхын уурхайд унах гэх мэтээр маш хүнд зураг авалт ихтэй. Чигчий хуруугаа, чихтэйгээ хөлдөөж байсан. Үнэхээр чансаа сорьсон кино байсан.