Хавар нь гэрийн хэрэг төрийн хэрэг болоод, намар нь намын өрсөлдөөн төрийн сөргөлдөөн болсны эцэст “Тамгагүй төр” жүжиг дуусаж, хэрүүл намжиж, хэрүүл татрах шинждээ орлоо.
Тамгагүй төр, төргүй тамга, даргагүй парламент, даргагүй нам, байсаар эцсийн мөчид намгүй дарга болгох төлөвлөгөө нурж, төр бүтэн боллоо. Тамгагүй төр жүжиг дуусав уу, “Хаврын 17 учрал” улс төрийн олон ангит кино гарав уу? гэмээр үйл явдал өрнөлөө.
Монголын улс төрийн дуртай 17-гийн тоог ахин дахин гарч ирсэн хавраас намар хүртэл сунасан адал явдал ар араасаа хөвөрлөө.
УИХ-ын Хаврын чуулган 3-р сарын 17-нд эхэлж, 17 чингэлэг спиртийн эзний Төгрөг нуурын оффшор наймаагаар хурцдаж, 17 саяын бөгжнөөс эхлэн орлогоо нотол хөдөлгөөн өрнөж, Г.Занданшатарын засгийн газар 6-р сарын 17-нд Засгийн газар бүрдэж, МАН-аас 17 сайд томилогдлоо. Энэ завсар 17 гишүүн авлигын хэрэгт холбогдсон тухай мэдээ түгж, 10-р сарын 17-нд Засгийн газраа Үндсэн хуулийн бус аргаар ахин огцруулсныг Цэц тогтоож, зарим нь хөх тэнгэртэй хэрэлдэж, Цэцийг өөрийг нь цэцэд өгөхөө мэдэгдлээ.
Дүн өвлөөр төрийн ордны гадаа 17 эр нүцгэлсэн, нүүрсний 17 хулгайч зарласан жагсаал, экс Ерөнхийлөгч Х.Баттулга нэг дор 17 шүүгчийг чөлөөлж, 17 хориг тавьж, 2012 оны эдийн засгийн 17 хувийн өсөлтөө алдсан боломж зэргийг эргэн дурссан “Хаврын 17 Учрал” кино гарч, эцэст нь Учрал гэдэг хүн Ардын намын дарга, УИХ-ын даргаар сонгогдлоо.
Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ гэж хэлэх нэг хэрэг, хийх өөр хэрэг. Ардын нам нүүрсний хулгай, ногоон автобусны хулгай, төсвийн хулгай, төрийн өмчийн хулгай, тендерийн, эмийн, даатгалын, тооноор ордог сонгогдох эрхийн хулгай гээд тэрбум нь халаасны гонио төдий болж, их наяд, триллионоор яригдсан төрөл бүрийн хулгайгаа номхотгон дарж, цэгцлэн цэвэрлэсэн цагт эргэн ирнэ. Эдийн засгийн өсөлт гэдэг өөх болгоод чанаж идэхгүй, сүү болгоод данхандаа хийхгүй хаа холын хоосон тоо биш өгөөж тос нь өрхдөө, хүндээ наалдсан цагт Ардын нам ард түмэндээ эргэж ирнэ.
Одоо сандал суудлын төлөөх самарсан улс төр биш урдах ажлаа хийж, цалин тэтгэвэр, татвар хураамж, даатгал шимтгэл, түлш шатахуун гээд улс орноо бодохыг олон түмэн шахаж шаардаж байна.
Ерэн онд олж авсан улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр дархалж гагнаагүй цагт монгол хүн сонгох эрхээ хэдэн цаас, боодол өвсөөр худалдаж, 13-р зуунд махир нумаа эвшээлгээд өвдөг сөгдүүлж явсан улс орнуудад залуус нь амьдрал хөөн одсоор Монголоо алдсаар байх болно.
АДМИН








Нийгэм









